Дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасч, үнэ нэмэгдсэн нь талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нар тайлбар хийжээ.


Махны үнийн өсөлт хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд улирлын хамаарал, ханшийн савлагаа, шатахууны үнэ, цаашлаад мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, цаг хугацааны хувьд оновчгүй зэргийг дурдаж болох бөгөөд махны экспорт голлон нөлөөлөөгүй гэж үзэж байна.

Үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой тодорхой арга хэмжээ авах тухай Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас "Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт, хангамжийн талаар авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-11 дугаар тушаалаар байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын махны холбоо, Мах импекс ХК, Мах маркет ХХК, Дархан меат фүүдс ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан бөгөөд тус ажлын хэсэг тодорхой санал боловсруулан, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

#Богино хугацаанд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зохион байгуулж, 2019 онд экспортлох махны квотыг хүн амын дотоодын хэрэгцээтэй уялдуулж тогтоох, экспортын махны квотыг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо, хүсэлт гаргасан тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах талаар гэрээ байгуулж ажиллах саналыг дэвшүүлж байгаа юм.

Мөн арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэх үйл ажиллагаанд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөц бүрдүүлэх, зөвхөн Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, мал бэлтгэл, махны нөөц бүрдүүлэлт, мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлыг зохицуулна. 

Зөвхөн мах, махан бүтээгдэхүүн гэлтгүй малын гаралтай, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж, үнэ цэнийг нэмэх, аймаг, сумдын нөөцөлсөн махны судалгааг гаргаж, орон нутгаас нийслэл хот руу оруулж ирж буй мал, маханд хяналт тавих зэрэг тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна.

#Дунд болон урт хугацаанд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлуулж хэрэгжүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд зах зээлд давамгай худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зэргээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх, өөрчлөх шаардлага бий.

Түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэх журмыг шинэчилж батлуулах, мэдээллийн санг бүрдүүлж ашиглах, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоодын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг улсын төсвөөс биш Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх нь зүйтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна.