“Морьт Говь Ойл” компани 3,000 шоо метрийн багтаамжтай шатахууны агуулахаа ашиглалтад орууллаа

Peak.mn
11 сарын 14, 2026

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна. 

Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК шинээр барьсан, тус бүр 1,000 шоо метрийн багтаамжтай гурван сав бүхий, нийт 3,000 шоо метрийн багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын нээлтээ өчигдөр хийлээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болж байна.


Б.Дашпүрэв: 2028 он гэхэд гурван сарын нөөц хадгалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна

Нээлтэд оролцсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Морьт Говь Ойл”-ын агуулах нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн найдвартай байдлыг дэмжих, нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжсэн чухал төсөл болохыг онцоллоо.


Тэрбээр 2028 он гэхэд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний гурван сарын хэрэглээний нөөцийг хадгалах боломжтой агуулахын хүчин чадал бүрдүүлэхээр төслүүд хэрэгжүүлж байгаа гэв. Үүнийг импортын тогтвортой байдал, нийлүүлэлтийн олон эх үүсвэр бий болгох ажлуудтай уялдуулснаар нөөц бүрдүүлэх боломж нэмэгдэх аж.

“Морьт Говь Ойл” компани төрийн бодлогын энэхүү дэмжлэгийн хүрээнд ХААН Банкны төслийн зээлийн санхүүжилт авч, агуулахаа жилийн хугацаанд байгуулжээ.

Шинэ агуулах нь тус бүр 1,000 шоо метрийн багтаамжтай гурван босоо ган сав, 500 шоо метрийн галын усан сан, дөрвөн автоцистернд зэрэг шатахуун ачих байгууламжтай. Мөн 236 метр урт салаа төмөр зам, долоон вагонцистернээс зэрэг шатахуун буулгах байгууламжийг хамтад нь ашиглалтад оруулсан байна.

Ингэснээр шатахуунаа төмөр замаар хүлээн авах, хадгалах, автоцистернд ачин түгээх үйл ажиллагааг нэг дор зохион байгуулах боломж бүрдэж буй. Энэ нь харилцагч, хэрэглэгчдээ найдвартай хангах зорилготой компанийн хувьд чухал хөрөнгө оруулалт болж байна.

Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр “Чадамгай Констракшн”, туслан гүйцэтгэгчээр “Нефть Ойл” компани ажиллаж, хоёр компанийн 100 гаруй ажилтан гар бие оролцжээ. Суурийн ажлаас эхлээд сав угсрах, тоног төхөөрөмж суурилуулах, төмөр зам тавих хүртэл олон мэргэжлийн хүний мэдлэг, ур чадвар, хөдөлмөр энэ байгууламжид шингэсэн юм.


Д.Мөнхжаргал: Стратегийн бүтээгдэхүүний нөөцийг өсгөх бодлогын хүрээнд бид энэхүү агуулахыг барьж, ашиглалтад орууллаа

2018 онд байгуулагдсан “Морьт Говь Ойл” өнөөдөр зургаан шатахуун түгээх станц, 60 гаруй ажилтантай ажиллаж байна.

Тус компанийн захирал Д.Мөнхжаргал, "Долоон жилийн өмнө бид нутгийнхаа Морьт хэмээх уулын нэрээр компаниа нэрлэж, ажлаа эхлүүлж байлаа. Өнөөдөр манай компани зургаан шатахуун түгээх станц, 60 орчим ажилтантай болж өргөжжээ. “Нефть Ойл”, “Чадамгай” компанийн 100 гаруй залуус гар бие оролцож, сэтгэлээ шингээн бүтээсэн агуулахынхаа нээлтийг өнөөдөр хийж байгаадаа маш их баяртай байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлж, стратегийн бүтээгдэхүүний нөөцийг өсгөх бодлогын хүрээнд бид энэхүү агуулахыг барьж, ашиглалтад орууллаа.


Төслөө Засгийн газрын нөөц бүрдүүлэх хөтөлбөрт хамруулж, Ашигт малтмал, газрын тосны газартай хариуцлагын гэрээ байгуулан, ХААН Банкны төслийн зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Өнөөдрийн энэ бүтээн байгуулалт бол төрийн бодлогын дэмжлэг, банкны санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн бодит үр дүн юм.

Манай төслийг дэмжин хамтран ажилласан төрийн байгууллагууд болон бидэнд итгэл хүлээлгэн санхүүжилт олгосон ХААН Банкны хамт олонд талархал илэрхийлье. Бид энэ итгэлийг хүлээсэн үүргийнхээ биелэлт, хариуцлагатай үйл ажиллагаагаараа хариулах болно. Агуулахын зураг төслийг боловсруулсан “Ганкад” компани, ерөнхий гүйцэтгэгч “Чадамгай Констракшн” компани, туслан гүйцэтгэгч “Нефть Ойл” компанийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нийт хамт олонд гүн талархал илэрхийлье." гэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.