Энэ даруухан хүрэн байшин бол Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан өргөө юм. Цагтаа манай улс Ерөнхий сайддаа зориулж улсаас чамгүй хөрөнгө төсөвлөн бариулсан тус байшин хотын хамгийн үзэмжтэй нь байсан гэдэг. Харин одоо олон давхар байшингийн дунд сүр бараа муутайхан дүнсийжээ. Хажуу бөөр нь элдэв эрээн хаяг рекламаар дүүрсэн энэ байшин дээр давхарлаж байшин барьж байгаа талаар сошиал ертөнцөд багагүй яриа үүсээд байгаа билээ. Биднийг очиход хаалганы хажуугаар нь цахилгааны утас унжчихсан ороход ч төвөгтэй байдал угтав. Дотроо хоёр газар үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь бичиг хэргийн дэлгүүр нөгөө нь хэвлэх газар юм байна. 

Байшингийн дөрвөн талд нь нүх ухаж төмрөөр карказлан зангидаж дээшээ хоёр ч давхар барьсан байлаа. Барилгын ажлыг зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгтэй уулзсан юм. Түүнийг М.Сайнбилэг гэдэг, Монголын нутгийн удирдлагын холбооны менежер ажилтай аж. Тэрээр “Түүхэн байшинг нураах биш хамгаалах зорилгоор энэ ажлыг хийж байна. Байшинг нураахгүйн тулд гаднаас нь төмөр зангидан барьсан. Нэгдүгээр давхарт нь хуучин байшин, дээд талын хоёр давхар нь оффис төв болно. Бид нар үндсэндээ гадуур нь шиллэж хамгаалж байгаа хэрэг.” гэв. Барилгын ажилд одоогоор 100 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд нэрт хүмүүсийн ажиллаж, амьдарч байсан бүх төрлийн барилга байшин, орон сууцны барилга соёлын өвд хамаарна гэсэн заалт бий. Хуучин байшинг хамгаалах нэрийдлээр байшин барьж ашиг олох гэж байна уу гэх хардлага дагуулсан энэ ажлын цаана соёлын өвийг хамгаалах санаа бий эсэхийг одоогоор хэлэхэд эрт байна. 

Эзэмшигч нь хэн бэ?

1990-ээд оны үед өмч хувьчлалаар эзэнгүйдсэн энэ барилгыг хариуцаж өдийг хүртэл авч яваа хүн нь Г.Маналжав юм. Нутгийн удирдлагын холбоо төрийн бус байгууллагын тэргүүн тэрбээр энэ байшинг нэр дансгүй байхад нь хотын захиргаанд хандаж түүхэн дурсгалт байшин гэж дансанд бүртгүүлжээ. Мөн тэр орчмыг Ц.Жигжиджавын гудамж хэмээн нэрлэх ажлыг эхлүүлсэн байдаг. Тэрээр энэ байшинд түрээсийн гэрээгээр 20-иод жил сургалт явуулжээ. Өмнө нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хотын дарга асан Ц.Батбаярын гэх Нийслэлийн өмчийн гурван том объектыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдож явсан нэгэн. Тухайн үед Г.Маналжав нь дээрхи хууль бус ажиллагаанд оролцсоныг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс тогтоосон ч цагаатгагдаж байсан юм. 

Зөвшөөрлийг хэн өгөв?

Ерөнхий сайд Ц.Жигжиджав, сүүлд төв хорооны нарийн бичгийн дарга нар амьдарч байсан энэ байшин дээр дээшээ давхарлан обьект барих зөвшөөрлийг Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар хоёр сарын өмнө Мэргэжлийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлжээ. Ингэхдээ одоо байгаа барилгыг буулгалгүйгээр дээш нь гурван давхар болгон өргөтгөх зөвшөөрлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт олгосон байдаг. Зөвшөөрөл гэдэг нь зураг төсөл боловсруулах архитектур төлөвлөлтийн даалгавар юм байна. Мөн энэ ажлыг эхлүүлэхдээ Нийслэлийн засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн онцгой байдлын газар, Замын цагдаа зэрэг газруудаас зөвшөөрөл авчээ. Энэ байшингийн газар одоогийн байдлаар Нутгийн удирдлагын холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Г.Маналжавын нэр дээр биш нийслэлийн өмчид хамаарагддаг.