Туршилтын талбай, халуун ус, нутгийн брэндтэй Архангайн сургуулиуд

Д.Даваадулам
11 сарын 14, 2021

"Тогтвортой хөгжлийн боловсрол-ll"/ТХБ-2/ төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг /ТЗЗҮБ/өнгөрсөн 10 дугаар сард Архангай, Булган,  Хэнтий, Хөвсгөл, Ховд аймаг, Улаанбаатар хотын Сонгино хайрхан, Баянгол дүүрэг дэх сургуулиудад  хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол  төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Дээрх аймаг, хотын 30 сургууль нь ТХБ-2 төслийн түшиц сургуулиуд бөгөөд сургууль тус бүр нийт 15 сая төгрөгийн өртөгтэй жижиг төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төсвийг ТХБ-2 төсөл, орон нутгийн төсвөөс хамтран санхүүжүүлж байна. Сурагч, эцэг эх, багш сургуулийн удирдлага багаар, бүхлээр ажиллах арга хандлагад суралцах, тогтвортой хөгжлийн төлөө зорилго, үйл ажиллагаагаа тодорхойлж, үйлдэл хийх сэдэл тэмүүллийг өрнүүлдэг, энэ нь сургуулийнхаа орчин, орон нутагтаа нөлөөлж, олон нийтийг тогтвортой хөгжлийн төлөө уриалж, сэдэлжүүлдгээрээ тус төслийн үнэ цэнэ оршдог юм.  

БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй ТХБ-2 төслийн үндэсний түшиц байгууллагаар Боловсролын хүрээлэн, орон нутгийн түшиц байгууллагаар Байгаль орчин, мэдээлэл сургалтын төв ажиллаж байна. 

                  

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ УЛСЫН ЗАГВАР СУРГУУЛЬ БОЛНО

Архангай аймагт ТХБ-2 төслийн түшиц дөрвөн сургууль бий.

Сургуулийнхаа доторх задгай талбай, коридорт модлог голдуу ургамал цэцгийг англи, монгол нэр, тайлбартай байрлуулжээ. Давхар бүртээ хогоо ангилан ялгах савнуудтай. Гадаах талбайн гэрлүүд нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг. Энэ бол Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хамт олны тогтвортой хөгжлийн төлөөх санаачлагуудын зарим нь.  

Тус сургууль ТХБ-2 төслийн хүрээнд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, сургуульдаа эко орчин бүрдүүлэх зорилгоор “Ногоон ирээдүй” төсөл санаачлан энэ оноос хэрэгжүүлж эхэлжээ. Мөн гаднаа сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын талбайг байгуулахаар нутгийн үйлвэрлэгч, шагайн өв тээгч Х.Батбаяртай хамтран ажиллаж байна.  

1700-аад сурагч,120 гаруй багш, ажиллагсадтай энэ хамт олон тогтвортой хөгжлийн боловсролыг /ТХБ/дэмжигч улсын загвар сургууль болох зорилт дэвшүүлснээ танилцуулж байсан юм. 

                             Эрдэнэбулган сумын  2-р сургууль


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирал Н.ГЭРЭЛЧУЛУУН:  


Сургуулийн гадаад, дотоод орчинг ногооруулах гээд зөвхөн сургуулийнхаа тохижилт, орчинг өөрчлөөд байгаа мэт боловч сурагч, багш, эцэг эхчүүдийн ТХБ-д чиглэсэн, тогтвортой хөгжлийн үзэл санааг төлөвшүүлэх ажлууд давхар явж байдаг. Тухайлбал нараар цэнэглэгддэг гэрэлтүүлэг, мэдрэгчтэй угаалтуур, хог хаягдлаа ангилах сав зэрэг нь цаанаа байгаль дэлхийдээ ээлтэй, хэмнэлттэй амьдрах, зөв дадал хэвшилд суралцахын ач тусыг таниулж, хэвшүүлэх зорилготой.  

Нөгөө талд бид хичээл сургалтын агуулга тус бүрт нь тогтвортой хөгжлийн үзэл санааг суулгаж, ТХБ-ыг судлагдахуун бүрт шингээж өгч байна. Энэ хичээлийн жилд манай сургууль ганцаарчилсан сургалтын буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих танхим, сэтгэл зүйчийн танхим гээд хоёр шинэ танхим нээлээ. Танхимууд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангагдаж байна. Энэ бол мөн л хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих тогтвортой хөгжлийн үндсэн зарчим хангагдах бас нэг том алхам юм.  

                  

               ЗАРИМ ХИЧЭЭЛ ТУРШИЛТЫН ТАЛБАЙД ОРНО

Архангай аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль ТХБ-2 төслийн хүрээнд дөрвөн улирлын хүлэмж, түүнийг түшиглэсэн хичээл-сургалтын төв байгуулахаар ажлаа эхэлжээ. Тус сургалтын төв нь хүүхэд багачуудад байгаль орчноо хамгаалах, танин мэдэх сэтгэлгээг хөгжүүлж бэхжүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн үзэл санааг ойлгох, бататгах, шинжлэн судлах ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзэж байна. Сургалтын талбайд орох хичээлийн нэгдсэн хөтөлбөрөө боловсруулснаа ч сургуулийн багш мөн танилцууллаа.

3-р сургууль шинэ хичээлийн жилд 1580 гаруй сурагчдаа нээлттэй буюу коридорын номын сантай угтсан юм. Сурагчид хичээлийн завсарлага, чөлөөт цагаараа сургуулийнхаа задгай талбайд тухлангаа номоо уншиж, хичээлээ давтах бололцоотой болжээ. "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллага 1.2 сая төгрөгийн ном хандивласан бол шаардагдах материалыг эцэг эхчүүдийн хандив тусламжаар авч, багш ажиллагсад нь тавиур, ширээгээ урлажээ. 

“Энэ бол ТХБ-ын сургууль бүхлээр ажиллах арга хандлагад суралцаж буйн үр дүнд бүтээсэн ажил” гэж сургуулийн багш нар хэлж байлаа.

10 дугаар сард цар тахлаас шалтгааланхүүхдүүд нь цахимаар хичээллэж байсан болохоор коридорын номын сангаа нээж амжаагүй байлаа. 

                  3-р сургуулийн номын сан
   

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн захирал  Б.ЭНХБОЛД:

ТХБ-2 төслийн хүрээнд байгуулж байгаа хичээл-туршилтын талбай нь салхины зүг чиг хурдыг хэмжих хэсэг, хөрс мандлын талбай, дөрвөн 4 улирлын хүлэмж, мэдээллийн цэг зэргээс бүрдэнэ. 4-11 ангийн сурагчдад танхимын бус сургалтыг энэ талбайдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайн сургалтын агуулга, хөтөлбөрөө ч энэ чиглэлээр боловсруулаад байна. 



СУРАГЧИД СУМЫНХАА ХАЛУУН УСАНД ДУГААРЛАХГҮЙ

Архангай аймгийн Батцэнгэл сумын сургууль Швeйцаруудын тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хандивласан, мөн орон нутгийн төсвөөс олгосон нийт 15 сая төгрөгөөр дотуур байрандаа халуун ус барьж, жорлон, угаалтуураа шинэчиллээ. 

Ингэснээр сургуулийн дотуур байрны сурагчид нэг зэрэг дөрвөн хүнд үйлчлэх тохь тухтай халуун ус, бас боловсон ариун цэврийн өрөө, угаалтууртай болоод байна. Ингэж сургуулийн хамт олны ТХБ-2 төслийн хүрээнд санаачланхэрэгжүүлсэн  “Зохистой хэрэглээ-Зөв дадал” төсөл нь дотуур байрны сурагчдынамьдрах, сурах орчинг сайжруулжээ. Зарим газар ийм бүтээн байгуулалт 90 хүртэл сая төгрөгийн төсөв өртөгтэй байдаг тухай сургуулийн багш нар хэлж байлаа.                    

Архангай аймгийн Батцэнгэл сумын сургуулийн монгол хэлний багш Г.НЯМ-АДЪЯА: 

Энэ бол бидний амьдралаас урган гарсан эрэлт хэрэгцээ. Эхлээд сургууль бүхлээр ажиллах арга хандлагын хүрээнд өөртөө үнэлгээ хийсэн. 65 багш, 130 сурагч, 28 төрийн албан хаагч, 140 гаруй эцэг эх судалгаанд хамрагдсанаас олонхи нь дотуур байр нь халуун усгүй, усанд орох боломжгүйг тодорхойлж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг өөрчлөх санал өгсөн.  

 Ингээд дотуур байрны гурван өрөөг багш ажиллагсад өөрсдөө тохижуулж халуун усны өрөөтэй боллоо. Мөн жорлонгийн хоёр суултуур, зургаан гар угаалтуурыг сольж шинэчилсэн.


               “ЭЭЖ ОХИД” КЛУБ НУТГИЙН БРЭНД ҮЙЛДВЭРЛЭНЭ 

Архангай аймгийн Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажиллагсад, эцэг эхчүүд ТХБ-2 төслийн хүрээнд “Нутгийн брэнд-Үнэт баялаг” төсөл санаачилжээ. Сургуулиа түшиглэн байгуулсан “Ээж охид” клубын гишүүд нь сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн нэхэж нутгийн брэнд үйлдвэрлэхээр нэхмэлийн машинаа захиалан авчээ.

Архангай Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М.БОЛОР-ЭРДЭНЭ:  

Манай Тариат сумын бор сарлагийн хөөвөр нь ноолуурын энд хүрэх чанартай, ээлтэй. Энэ төсөлд технологийн багш нар, сурагч, ээжүүд, сургуулийн ажилтнууд хамрагдаж, хамтаараа суралцаж, ажиллах боломжтой. Бидний төсөл амжилттай хэрэгжсэнээр нутгийн иргэдэд сэдэл тэмүүлэл ч бий болно. 


АСУУДЛАА ХАМТААРАА ТОДОРХОЙЛЖ ТООЦООТОЙ ХАНДСАН НЬ АМЖИЛТАД ХҮРЧ БАЙНА

ТХБ-2 төслийн орон нутгийн түшиц байгууллага Байгаль орчин, мэдээлэл сургалтын төв ТББ-ын сургалтын албаны дарга Ш.ОЮУНЦЭЦЭГ: 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бид сургуулиудад зөвлөн туслах, чиглүүлэх ажлаа цахимаар өгч байсан. Төсөлд хийсвэрээр, сэтгэл хөдлөлөөр хандсан  зарим сургуульд бэрхшээл учирч байгаа бол хамтаараа асуудлаа тодорхойлсон, судалгаа тооцоотой хандсан сургуулиуд тун ахицтай ажиллаж байна. 

       

Байгаль орчин, мэдээлэл сургалтын төв ТББ-ын сургалтын албаны дарга Ш.ОЮУНЦЭЦЭГТХБ-2 төслийн ТЗЗҮБ-ийн гишүүн, МУБИС-ийн гадаад харилцааны албаны дарга Д. ҮҮРИЙНТУЯА: 

Тогтвортой хөгжилд хүрэх хамгийн гол хөтөч нь багш, сургуулийн орчин. Тэр ч утгаараа ТХБ-ын үзэл санаа, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага нэн чухал.Байгууллага бүтцээрээ, сургууль бүхлээрээ ажиллаж байж, аймаг орон нутаг нийтийн үйл хэрэг болгож байж сая тогтвортой хөгжлийн төлөөх хандлага, үнэт зүйл төлөвшдөг гэж үздэг.  

Яг ингэж бүхлээр ажиллах түншлэлийн арга барилыг сайн нэвтрүүлсэн сургуулиуд амжилттай ажиллаж байна. Цар тахал, цахим үйл ажиллагаа төслийнүр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. Мөн бараа, үйлчилгээний үнэ өсөх зэрэг бэрхшээлүүд ч байна. Гэсэн ч Архангай аймгийн Батцэнгэл сумын сургууль, Эрдэнэбулган сумын 2, 3 дугаар сургууль төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Бид тулгарсан бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудын талаар цааш нь уламжилна. Тодорхой шийдэлд хүрнэ итгэж байна. Архангай аймгийн удирдлагын баг ч төслийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилтээ шуурхай шийднэ гэдэгт итгэж байна.

ТХБ-2 төслийн ТЗЗҮБ-ийн гишүүн, МУБИС-ийн гадаад харилцааны албаны дарга Д. ҮҮРИЙНТУЯА

           

Холбоотой сэдвүүд

архангай тхт амгалан дэлхий

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.