ТЕГЕРАН. /TASS/. Иран улс Ормузын хоолойд эсвэл өөр хаа нэгтээ нисэгчгүй нэг ч аппаратаа алдаагүй гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи мэдэгджээ. Америкийн цэргүүд Ормузын хоолойд Ираны дроныг устгасан гэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн хариуд тэрбээр ийм мэдэгдэл хийсэн байна.


“Бид нисэгчгүй нэг ч аппаратаа алдаагүй. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ "Boxer" десантын хөлөг онгоцны багийнхан андуурч, өөрсдийн дроныг сөнөөсөн гэж би айж байна” хэмээн тэрбээр “Twitter” хуудсандаа бичжээ.


АНУ-ын ТЦХ-ий десантын хөлөг онгоц пүрэв гарагт Ормузын хоолойд Ираны дроныг сөнөөсөн гэж Трамп урьд нь мэдэгдсэн юм. Америкийн цэргийн командлалын мэдээлснээр, Ираны дрон хэт ойртож ирсэн тул устгасан байна. Трампын хэлснээр, Ираны дрон хөлөг онгоц руу ойртохгүй байх “олон удаагийн анхааруулга дохиог хүлээж аваагүй“, мөн “хөлөг онгоц болон багийн гишүүдийн аюулгүй байдалд заналхийлжээ”.


Ираны Зэвсэгт хүчин мөн дээрх мэдээллийг няцаасан байна. Холбогдох мэдэгдлийг тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч, бригадын генерал Абольфазль Шекарчи хийжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг