Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чанвиракул хар тамхины төрлийн ургамлын хяналтаас каннабисыг хасч буйгаа зарлалаа.

Шинэ журмаар каннабисыг иргэд гэртээ тарьж ургуулах боломжтой болсон байна. Гэхдээ орон нутгийн засаг захиргаанд каннабис тарьж ургуулах гэж буйгаа заавал мэдэгдэж, бүртгүүлэх ёстой юм байна. Харин арилжааны зорилгоор хэрэглэж болохгүй. Хэрэв мэдэгдэж бүртгүүлэхгүйгээр тарьж ургуулсан бол 20 мянган тайланд батаар (~600 ам.доллар) торгох, худалдан борлуулсан бол 300 мянган тайланд бат (~9,100 ам.доллар) торгох эсвэл гурван жил шоронд хоригдох шийтгэлтэй юм.

Уг журмыг төрийн төв хэвлэлд гарснаас хойш 120 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Каннабисын төрлийн ургамалд марихуан, мөн олсны төрлийн ургамал ордог бөгөөд аялал жуулчлалын саарал бүсд амралтын зорилгоор хэрэглэхийг мөн зөвшөөрсөн байна.