Танай эгч өрөөл татанхай гэж хүүхдүүд хашгирахад 5 настай хүү тэдэнтэй зодолж эхлэв. Тэднийг харж байсан эгч нь элгээрээ мөлхсөөр үүдээр гарч ирлээ. Түүний хоёр хөл, баруун гар ажиллахгүй. Эцэг эх нь ядуу амьдралтай энэ айлд охиноо эмчлүүлэх боломж хомс. Тэр зүүн гараараа газар тулаад гэртээ яг л могой шиг явна. 19-р зуунд хөгжлийн бэрхшээлтэй хүн тэргэнцэртэй болно гэдэг мөрөөдөл байлаа. Гэвч энэ охинд өөр нэгэн мөрөөдөл байсан юм. Тэр сурахыг маш их хүсч байв. Сургуульд сурмаар байна гэдгээ өдөр бүр аавдаа хэлнэ. 

Харин тэр яаж сургууль руу явах билээ. Аав ээж нь өглөөнөөс үдэш болтол ажиллаж жаахныг олно. Түүнийг сургууль хүргэж өгч чадах хүн нь 5 настай буржгар үстэй дүү нь байв. Хүү эгчийгээ усны тэрэг дээр суулгаад сургуульд нь хүргэж өгдөг болов. Эгч нь хичээлдээ суух үед хүү усны тэрэгнийхээ дэргэд сургуулийн хашаанд эгчийнхээ тарахыг хүлээн ганцаараа тоглоно хааяа унтчихна. Сургуульд бүх хүүхдүүд баруун гараараа бичиж сурах ёстой байв. Гэвч өрөөл татанхай баруун гар нь бал барих битгий хэл ширээн дээр тавихад хэцүү. Охин зүүн гараараа бичиж сурч байлаа. Гэртээ ирээд ээждээ туслангаа утсаар тогооны бариул, тавагны суурь нэхнэ. Түүнийгээ хүмүүст зарж багахан мөнгө олно. Насанд хүрснийхээ дараа охин найзаасаа оёдлын машины тухай олж сонслоо. Оёдлын машин түүний ажлыг хөнгөвчлөнө гэж бодсон тул цуглуулсан мөнгөөрөө худалдаж авав. Гэвч оёдлын машин баруун гартай. Оёдлын машиныг анх хараад баруун гараараа ажиллуулна гэдгийг охин шууд мэдэв.

Тэр шөнөжин оёдлын машиныхаа дэргэд уйлж хонолоо. Эцэст нь тэр оёдлын машинаа буруу эргүүлж тавиад зүүн гараараар машиндаж эсрэг тал руу нь оёдог болов. Бусдаас илүү өөдрөг, сэргэлэн яриатай энэ эмэгтэйгийн анхан дурласан залуу нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйтэй амьдрахаас татгалзаж орхин явсан юм. Өөрийгөө хөл гар нь ийм болохоос бусдаар эрүүл гэж олонтой тайлбарлаад тусыг эс олов. Дурлалын шарх, бусдын дорд үзсэн харц, нийгмийн ялгаварлал, хүнд хэцүү амьдрал түүнд мөрөөдөлдөө хүрэхэд саад болсонгүй. Тэр байтугай төрөлхийн алхахгүй хөл, баруун гар ч асуудал биш байв. Мөрөөдөлдөө зоригтой зогсож, өдөр шөнөгүй ажиллаж байлаа. Тиймээ, тэр бол Бамбарууш чихмэл тоглоомыг анх дэлхийд санаачлан үйлдвэрлэж, хожим томоохон оёдлын үйлдвэрийн эзэн болсон Герман эмэгтэй Маргарете. Таны охины эсвэл хүүгийн тоглодог айл гэрт аз жаргал авчирдаг энэ зөөлөн тоглоом ийм л зоригт эмэгтэйн гараар бүтэж хүн төрөлхтний хамгийн алдартай хүүхдийн тоглоом болсон юм даа.