“Цамбагарав" ууланд авиралт хийхээр гарсан ч товлосон хугацаандээ эргэж ирээгүй Итали улсын иргэний талаарх мэдээлэл Баян-Өлгий аймгийн ОБГ-т ирсэн байна.

Жуулчин аялал, жуучлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар 08.24-ний өдрийн 09:00 цагт “Цамбагарав” уулын бэлд хүргүүлээд 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй байна. Иймээс “Казак тоур” ХХК-ийн захирал Д 08.25-ны өдрийн 10:18 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн ажээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч,1 автомашинтай 15:50 цагт очиж, 2 бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон байна.

Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан нийт 20 хүн, 1 эрэлч нохой, 3 автомашинтай ажиллажээ.

Эрэлчид 08.25-ны орой малчин Д-ынд хоноглоод явсан байж болзошгүй тухай мэдээлэл 08.26-ны өдрийн 07:03 цагт ирсэн тул шалгахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.