Өнөөдөр өглөө Турк Монголын хамтарсан сургуулийн гадаад захирал Veysel Akcay-г гэрийнх нь гаднаас Старекс машинаар хулгайлсан хэрэг гарчээ.

Энэ талаар тус сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн гаднаас дараах тайлбарыг хийж байна.

Тэрбээр “Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Veysel Akcay захирлыг үл таних этгээдүүд өнөөдөр өглөө 09.30 цагийн үед гэрийн гаднаас нь хулгайллаа. Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад гарчихаад байна. Түүнийг ямар зорилготой хулгайлсан гэдгийг манай сургуультай холбоотой зарим хүмүүс гадарлаж байгаа байх. Бас өнөөдөр Туркээс жижиг оврын онгоц ирсэн" гэсэн юм.
Энэ мэдээллийн дагуу ЦЕГ-аас  тодруулахад "Энэхүү мэдүүлгийн дагуу хулгайлагдсан эсэхийг шалгаж нөхцөл байдал тодорхой болсны дараа мэдээлэл өгөх боломжтой" гэв.

Хоёр жилийн өмнө тус Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сургуулийн удирдлагуудыг Туркт болсон төрийн эргэлт, хууль бус ажиллагаанд оролцсон бүлэглэлтэй санхүүгийн болон удирдлагын холбоотой гэж үзэн гарч тус сургуулий хаах тухай яриа гарч байсан билээ.