Төв талбайн сүлд модны гэрлийг өнөө орой асаана

Б.Баясгалан
12 сарын 25, 2019

“Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өнөө орой 18.00 цагаас Сүхбаатарын талбайд болно. Нээлтэд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцох юм. 

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн котокыг нээж, сүлд модны гэрлийг асааж, урлагийн тоглолт, 3D лазер үзүүлбэр толилуулна.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр гулгах боломжтой.

Мөн өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор мөсөн хотхоныг байгуулж байгааг холбогдох албаны хүмүүс онцолсон. Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж. 

Холбоотой сэдвүүд

сүлд мод шинэжил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.