Өдөрт 1500 тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулна

Б.Номин
05 сарын 07, 2026

Нийслэлд “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн хүрээнд хоногт 1270–1500 тонн ахуйн хатуу хог хаягдал боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бөгөөд хоёр иж бүрдэл шатаах зуухтайгаар ажиллах юм. Үйлдвэрийн уурын систем нь 6.4 МПа даралт, 450 хэмийн температурын үзүүлэлттэй байна.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжилт босгох, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг урьдчилсан байдлаар зарлаад байгаа аж.

Үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн хатуу хог хаягдлын 50-иас дээш хувийг булшлах бус боловсруулах дэд бүтэц бүрдэх юм. Мөн дахин боловсруулах боломжгүй нийт хог хаягдлын 42 хүртэлх хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглахаар төлөвлөжээ.

Ингэснээр хогийн цэгт булшлах хог хаягдлын хэмжээ 5–8 хувиар буурч, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхээс гадна хотын дэд бүтцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн хогноос ялгарах хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар нийслэлийн экологийн аюулгүй байдлыг хангаж, жил бүр өсөн нэмэгдэж буй ахуйн хог хаягдлын хэмжээг бууруулах зорилготой юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Холбоотой сэдвүүд

нийслэл хот2026

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.