УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Туркын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын зарим ажилтнуудын холбогдсон асуудлын талаар" өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Асуулга бүхий тус албан бичигт:

"Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар энэ оны 5 дугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Дрездан хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат албаны дугаар бүхий автомашинд их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж байгаа.

Хар тамхины олон улсын томоохон сүлжээнд Монгол Улсын төрийн тусгай албан хаагчид удаа дараа оролцсон байгаа нь ГХЯ-ны боловсон хүчний бодлого хэрхэн алдагдсан, тусгай эрх ямба эдэлдэг дипломат албыг улс төрийн наймааны бялуу хуваах хэрэгсэл болгож, мэргэжил, боловсрол, туршлага зэргийг үл харгалзан ах дүү, танил, найз нөхдөө томилж, явуулдаг байдал эх захаа алдаж, энэ асуудал зөвхөн Монгол Улсын бус олон улсын хэмжээний асуудал болоод зогсохгүй манай улсад итгэх итгэл алдарч, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд хүчтэй унагаж байгааг Та анхааралдаа авсан гэдэгт итгэж байна" хэмээгээд дараах асуулгыг тавьжээ.

Асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.