Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 14, 2017
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2010 оноос 2017 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээг 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2010 оноос 2017 оны хооронд нийт 2.022.538 ширхэг мод, сөөг таригдсан байдаг. Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өмнөх жилүүдийн мод тарих өдрөөр таригдсан модоо тус арга хэмжээний хүрээнд арчилж, хамгаалах нь үр дүнтэй ажил болох юм.
Иймд энэ жилийг "Мод арчилгааны жил" болгож байгаатай холбогдуулан өмнөх жилүүдэд таригдсан мод, сөөгөнд цэнэг усалгаа хийх, тогоог нь цэвэрлэх, хөрсийг сийрүүлэх, арчилан хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг нийтэд уриалж байна.
Энэ өдрийг “ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР-МОД БҮХЭНД УС” уриан дор зохион байгуулах юм.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн 34 дүгээр сургуулийн орчимд мод тарина. Харин бүх нийтээр мод тарих нээлтийн ажиллагаа 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд энэ үеэр нийслэлийн удирдлагууд мод тарих юм байна.
Цэцэрлэгт хүрээлэнд мод арчилгаанд ач холбогдол өгч, өмнө нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгжүүдийг модоо арчлах ажилд уриалан оролцуулах аж. Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн 3 төрлийн 600 гаруй мод шинээр тарихаар бэлтгэжээ.
Мөн 10:00 цагаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд мод тарина.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.