Юанийн ханш 540 төгрөгт хүрэв: Хятадын баярын өдрүүд нөлөөлж байна уу?

Ч.Сумъяабазар
10 сарын 03, 2026

Монголын арилжааны банкууд, найман шарга төвийн ханшийн мэдээллээр БНХАУ-ын юанийн төгрөгтэй харьцах зарах ханш 540 төгрөгт хүрээд байна. Тухайлбал, зарим вальют арилжааны төвүүдийн мэдээлэлд юанийг бэлнээр 538 төгрөгөөр авч, 540 төгрөгөөр зарж байна.

Монголбанкны албан ханшаар харин 10 дугаар сарын 2-нд нэг юань 536.31 төгрөг байна. Төрийн банкны есдүгээр сарын 30-ны мэдээллээр 533.90 төгрөгөөр авч, 540.60 төгрөгөөр зарж байжээ.

Энэ нь юанийн ханш сүүлийн хэдэн сарын турш аажмаар өссөн чиг хандлагын үргэлжлэл болж байна. Монголбанкны ханшийн түүхэн мэдээллийг нэгтгэсэн өгөгдлөөс үзэхэд юань тавдугаар сарын эхээр 523.73 төгрөг, зургадугаар сарын эхээр 528.32 төгрөг, долдугаар сарын эхээр 527.11 төгрөг, наймдугаар сарын эхээр 532.50 төгрөг байжээ. Харин есдүгээр сарын 1-нд 534.83 төгрөг байсан ханш сарын дундуур 536 төгрөг орчимд хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын эхний түвшинтэй харьцуулахад Монголбанкны юанийн ханш аравдугаар сарын эхээр ойролцоогоор 12.6 төгрөгөөр буюу 2.4 хувиар өссөн байна. Харин наймдугаар сарын эхтэй харьцуулахад өсөлт нь 3.8 төгрөг буюу ойролцоогоор 0.7 хувь байна.

Хилийн долоо хоногийн хаалт нөлөөлж байна уу?

Энэ долоо хоногт юанийн ханш 540 төгрөгт хүрсэн нь Хятадын Үндэсний баярын амралттай давхцаж байгаа. Замын-Үүдийн авто замын боомт 10 дугаар сарын 1-7-нд долоо хоног хаалттай, 10 дугаар сарын 8-нд хэвийн ажиллахаар товлосон. Харин төмөр зам болон агаарын боомтууд ажиллах хуваариараа үргэлжлэн ажиллаж байгаа аж. Авто замын боомт хаалттай байгаа нь богино хугацаанд юанийн бэлэн мөнгөний нийлүүлэлт, худалдаачдын валютын хэрэгцээ болон хил дамнасан худалдааны төлбөр тооцоонд нөлөөлөх боломжтой. Ялангуяа Замын-Үүдээр дамждаг худалдаа, импортын төлбөр тооцоонд юанийн эрэлт нэмэгдвэл арилжааны банкуудын худалдах ханшид дарамт үүсэх боломжтой.

Холбоотой сэдвүүд

валютын ханш юань

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.