Байгаль, соёлын өвийг хамгаалах сан ТББ нь ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүс нутгийн Соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл сүлжээний төв (ICHCAP)-ийн дэмжлэгтэйгээр эрдэмтэн судлаач, уран бүтээлчидтэй хамтран томоохон төсөл хэрэгжүүллээ. 

Энэ бол Монголчуудын соёлын биет бус өвийн 10 төрөл зүйлээр бүтээсэн баримтат кино юм.  

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар соёлын биет бус 14-н өвөө ЮНЕСКО-д бүртгүүлээд байна.
Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид нэгдэн орсон улс орнууд нь үндэснийхээ өвөө бүртгүүлж хамгаалахаас гадна, олон нийтэд таниулан сурталчлах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, хүүхэд, залуучуудыг өргөн хамруулах үүргийг хүлээдэг билээ.

Энэхүү зорилгын хүрээнд Байгаль, соёлын өвийг хамгаалах сан ТББ нь хүүхэд настай холбоотой зан үйл, хөөмэйн уламжлалт урлаг, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, уртын дуу, хурдан морь шинжих уралдуулах мэдлэг арга ухаан, Монгол гэрийн урлал-зан үйл, хөхүүрийн Монгол айраг зэрэг соёлын биет бус өвийн 10 төрөл зүйлээр баримтат кино бүтээж олон түмний хүртээл болгож байна. 

Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш С.Дулам, Ардын уран зохиолч Т.Галсан нар оролцож үг хэлэв.
Соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл сүлжээний төв (ICHCAP) нь олон нийт, ялангуяа хүүхэд залуучуудын дунд соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтын ач холбогдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан болон Монгол Улстай хамтран баримтат киноны төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.