Бусдаас цалин авч биш бусдад цалин өгөх залуусыг нэмэх зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” төсөл Орхон аймагт хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл,  15-34 насны залуучууд өөрсөддөө ажлын байр бэлдэж бизнесээ эхлүүлэх төсөл юм. Төслийн эхний сонгон шалгаруулалтад 50 залуу хамрагдаж бизнес, маркетингийн 72 цагийн сургалтанд өнөөдрөөс сууж эхэллээ.

Сургалтын явцад залуус бизнес санаагаа төсөл болгон танилцуулж сонгон шалгаруулалтанд орно. Үүнээс найман төслийг сонгож дахин нэг сарын турш түргэвчилсэн сургалтад хамруулж эцэст нь дөрвөн төслийг сонгоно.  Шалгарсан дөрвөн төсөл тус бүрт 10 сая төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр 36 сарын хугацаатай олгоно. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах лангууг нь орон нутгаас шийднэ. Төсөл нь шинэ санаа, шилдэг шийдэл,  иновацийг нэвтрүүлсэн байх шаардлагатай ажээ.

15-34 насны залуучуудад ийнхүү хөдөлмөр эрхлэх, бизнесээ эхлэх боломжийг олгож буй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” төслийг ХНХЯ, Орхон аймгийн ХХҮГ, “Монголын маркетингийн холбоо”, “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ хамтран зохион байгуулж байна.


Эх сурвалж: https://zasag.mn/m/orkhon/view/20408