Өчигдөр Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох шүүх хуралдаан болж өндөрлөлөө. 

Шүүх хуралдаан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүндэръяагаас гаргасан “Нэхэмжлэлийг хүлээн авахаас тагалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт”-ийг хянан хэлэлцээд “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч, уг захимрамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах журмаар гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг захирамжийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхэд ирүүлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. 

 

Нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм. 

Тус ТББ нь “Монголчууд Оюутолгой орд газраас ногдол ашгаа 2050 онд авч эхлэх гэрээг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд хийсэн гэж үзэж буй.  Тиймээс Монгол Улсад илт хохиролтой “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг байгуулах ажлын хэсгийг байгуулах тухай, гарын үсэг зурах эрх олгохтой холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хууль зөрчсөн захирамжуудыг хүчингүй болгуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн жил хандсан билээ.