Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа талаар "Босоо хөх Монгол" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээлэлдээ "Босоо хөх монгол гэхээр нүд нь хорсдог. Энэ байгууллагыг эсэргүүцэхэд амьдралаа зориулсан мэт хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй яриа, постууд олон нийтийн сүлжээд маш их тархсан. Бид Монгол Улсын хилийн хамгаалалтын тор эвдэрсэн байна. Энэ торыг засч янзлах шаардлагатай байна гэдгийг уриалсан. Гэтэл үүнийг хилийн баганыг нурааж унагаасан гэж худлаа ярьж байна. Үүнийг залруулж байна” гэж мэдээллийн эхэнд хэлэв.

Цааш хэлэхдээ, "Бид Монгол Улсын дархан хил дээр очсон. Хилийн зурвас, хил орчмын бүс рүү бид орсон. Хилийн цэргийн албаныхан бидэнд тусалж, зөвшөөрөл өгч хамтдаа хил дээр очлоо. Ингэхдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн зурвас хэсэгт өрөмдлөг хийж буй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мах Oil компанийн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани нь Монгол Улсын хилийн баганаас 500 м-ын зайтай хамгаалалтын тор сэтэлсэн зурвас газарт өрөмдлөг хийж байна" гэв.