Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн 21-р хороонд өрхийн эмч, хэсгийн ахлагч, наркологийн эмч нарын хамтарсан багийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж жишиг болгож эхлээд буй юм.  Энэ талаар болон архинд донтох эмгэгийн талаар Сэтгэц наркологийн эмч, АУ-ны доктор Н.Дэмидмаатай ярилцлаа. 

Эхлээд донтолт, өвчин гэдгийг нь хүлээн зөвшөөр

Бид архи, согтууруулах ундаанд дуртай нэгнээ сайнаар бол арчаагүй, сул дорой, муугаар бол архичин гэж тодорхойлдог. Архины хамаарлын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэгийн оношлогоо, эмчилгээ F10 гэж нэрлэдэг.

Нэгэнт өвчин гээд томьёолоод оношилж байгаа тохиолдолд тухайн хүн эмчлүүлэх ёстой. 

Ар гэрийнхэн нь мөн ойлгодоггүй учраас өөр аргаар шийдэх гээд цаг алдаад байна. Тухайлбал “Машин аваад өгчихвөл архи уухаа больчихно. Эсвэл энд уруу татдаг хүмүүс нь байдаг учраас өөр тийшээ нүүчихвэл эсвэл ажлынхан нь уудаг гээд  өөр ажилд оруулчихвал л болно гэж эндүүрдэг. Хаашдаа л архины асуудалтай юм чинь хаана  ч очсон асуудалтай хүмүүстэйгээ очоод найзалчихдаг. Яагаад гэхээр зорилго нь нэг архи олж уух, зовлон нь нэг архинд донтох өвчинтэй болчихсон. Үүнийг ойлгож хүлээн зөвшөөрч аль болох эмнэлэгт эрт хандах нь чухал гэдгийг энэ олон жил ажилласан туршлага дээрээ суурилан зөвлөе.

Наркологийн эмч нар архинд донтох өвчнийг эдгэрэлтэд оруулдаг. Түүнээс биш архинаас гаргана гэж ярьж болохгүй юм. Яагаад гэвэл архинд донтолт нь архагшдаг өвчин.

Яг л сахарын өвчинтэй, даралт ихсэх өвчинтэй адилхан шүү дээ. 

Жишээ нь сахарын өвчинтэй хүн эмнэлгээс гараад хэт чихэрлэг хүнс, , цагаан гурилан бүтээгдэхүүн хэрэглэвэл цусан дахь сахарын түвшин нэмэгдэнэ дээ. Тэглээ гээд ар гэрийнхэн нь “Энэ хүн арчаагүй, ерөөсөө найдваргүй юм байна.” гэж хэн ч хэлдэггүй биз дээ. Иймээс л өвчин гээд байгаа юм. 

Иймээс л тухайн хүн өөрөө ухамсарлаж  ар гэрийнхэн нь ч дэмжээд ойлгосноор л энэ асуудлын ард гардаг. 


Бичлэг үзэх:

 


Архины донтолтыг эмчлэх нь цогц эмчилгээ юм

Хэн ч архины асуудалтай болъё гэдэг зорилготойгоор архи уудаггүй.  Гэтэл архи нь химийн бүтээгдэхүүн учраас хүссэн хүсээгүй хамаарал, донтолтыг үүсгэж бие организм нь нэхэж байдаг юм.

Гадны улс орнууд руу энэ асуудлаар олон арга хэмжээнд оролцсон. Эндээс анзаарахад архины асуудалтай хүнийг наркологийн эмч нараар эмчлүүлчихээд гарахад нь сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хуулийн зөвлөх хүлээж байдаг юм билээ. Тэд хүлээж авсан хүнтэйгээ шууд ажилладаг бүрэн тогтолцоо хэлбэрээр ажилладаг. Тэр хэрээрээ өндөр үр дүн гардаг нь судалгаагаар батлагдчихсан.

Эрүүл Монгол хүн хөдөлгөөн үүнийг жишиг болгохын тулд Хан-Уул дүүргийн 21-р хорооноос үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн.  Эхлээд тухайн архины хамааралтай хүнийг өрхийн эмч нар эсвэл хэсгийн ахлагч нар нийгмийн ажилтнууд илрүүлдэг. Тэд хүнээ андахгүй шүү дээ.

Илрүүлэлтийн хугацаанд нөгөө хүн маань эмчлэгдэхийг хүсээд, ар гэр нь дэмжсэн тохиолдолд эмчилгээгээ эхлүүлнэ. 

Эмнэлэгт наркологийн эмч нар хүлээж авч, хордлогыг нь тайлаад бусад  эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээг нь хийдэг. Үүний дараа эмнэлгээс гарахад нь АА цуглааныхан эсвэл өөр сэтгэл зүйчид хандана.

Мөн давхар өрхийн эмнэлэг, хэсгийн ахлагч нар хяналтдаа авч байгаа. 


Эрүүл элэгтэй хүн нэг цагт 10-хан гр спирт хэрэглэж болно

Архинд донтолт нь 100 хувь өөрөөс шалтгаалах, сэргийлж болох өвчин.

 Өндөр хөгжилтэй улс орнууд боловсролын системдээ дунд ангиас нь насанд нь тохируулаад эрүүл элэгтэй хүн нэг цагт 10гр спирт хэрэглэж болно гэдэг ойлголтыг өгдөг. Хүүхдүүд сургуулиа төгсөхдөө нэг цагт 10гр спирт биедээ оруулснаар миний элэг хоргүйжүүлж чадах юм байна, хэтрүүлэн хэрэглэсээр байвал хүний уураг тархинд архинд донтох өвчний эмгэг үүснэ гэдэг мэдлэгтэй болсон байдаг.

Харамсалтай нь манай боловсролын системд тийм мэдлэгийг олгодоггүй, архи муу муухай зүйл гэсэн ганцхан үгтэй.

Тэд энэ бүх мэдэхгүйгээсээ болж сонголтгүйгээр архины хамааралтай болчихдог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан зөвлөхийн санаачилгаар энэ төрлийн хамааралтай хүмүүст мэргэжил олгох асуудлыг ХНХЯ-тай хамтарч шийдвэрлэхээр яригдсан.

Мөн ХУД-ийн 21-р хороо жишиг болж байгаа учраас цаашид архины хамаарлын асуудлыг цэгцлэхийн тулд илүү нарийн ажиллаж байна.  Энэ хөдөлгөөн маань нэг цул болоод бидэнд ирээдүйд үр дүн өгнө гэдэгт  төгс итгэлтэй байна. 


Архинд донтох өвчнийг цөхрөлөөр биш итгэлээр даван туулдаг юм

Урд шөнө таны хайртай хүн архи уугаад гэртээ ирээгүй байж магадгүй. Гэхдээ та нэг л зүйлийг ойлго. Энэ бол өвчтэй хүн.

Тэр хүн танд хайргүй дээ, таны зовоож  тамлах гэж байгаадаа ийм авир, араншин гаргаад байгаа юм биш. Архинд донтох өвчин хүнийг ийм байдалд оруулчихдаг юм. Тэр бүх гомдол цөхрөлийг өнөөдөр даваад хайртай хүнээ эмчилгээнд хамруулахад нь нөлөөлөөрэй. 

Таны, ар гэр, үр хүүхдийнх нь нөлөөлөл маш их өндөр байдаг шүү. 

Энэ болгоныг нь ойлгож хүлээж аваад хайртай хүнтэйгээ цуг эдгэрч амар амгалан сайхан гэр бүлийг бий болгохын тулд та хоёр минь хоёулаа зүтгэх л хамгийн чухал гэдгийг олон сайхан гэр бүлийн жишээг харсан хүний хувьд хэлнэ.

Харин “Энэ архичныг та нарт өгчихье. Та нар эмчил” гэдэг бол эдгэрэлтэд нөлөөлөхгүй.

Яагаад гэвэл архи уудаг тэр хүнтэй эмчтэй  эмчилгээний 10 хоног л байна. Харин та бол түүнтэй насан туршдаа амьдарна. Тиймээс л үүн дээр анхаарч итгэл найдвараа битгий алдаарай.