СЕХ-ноос  2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тус хороо 23 нам, хоёр эвслийг бүртгэжээ.  Өнөөдрийн байдлаар /2024.05.07/аймаг, нийслэл болон 330 суманд сонгуулийн хороо байгуулагдаад байгаа бол 2,691 хэсэг байгуулахаар бэлтгэл ажил хангаад байгаа аж. 

Түүнчлэн СЕХ өчигдөр сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар иргэд анх удаа мажоритар, пропорционал хоёр тогтолцоогоор 126 гишүүн сонгоно. Тиймээс саналын хуудсыг сонгогчдод ойлгомжтой байх талаас нь нэлээд анхаарч, бүх талуудаа нээлттэй санал авчээ. Саналын хуудас нь хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж.

Саналын хуудаст намуудыг нэрсийн дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Тодруулбал нам, эвслүүдийн нэр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигддэг. Харин намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь нэрсийн дарааллаа СЕХ-нд ирүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийн хэнийх нь нэр хамгийн эхэнд байх вэ гэдгийг тухайн нам шийдэх гэнэ.

Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байгаа бол нам эвслийг дугуйлах хэсгийг төхөөрөмжид уншуулахад 11 секунд болж байгааг СЕХ-ноос мэдээллээ. 

10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх бол 2 мандаттайтойргийнсаналынхуудас 30 см байна. Харин сонгогч санал өгөх байранд орсноос хойш санал өгөөд гарах хүртэл ойролцоогоор гурван минут зарцуулна гэж тооцоолжээ.