Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгч, "Чингис хаан" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног үнэ төлбөргүй үзүүллээ.

Тэрбээр жил бүр Эх үрсийн баяраар хүүхдүүд баярлуулдаг хэдий ч энэ удаагийнх нь цаг хугацааны хувьд эрт буюу аавынх нь таалал төгссөн өдрөөс долоо хоногийн дараа болж буй юм. “Өргөө-1” кино театрт болсон уг арга хэмжээнд 20 гаруй асрамжийн газрын 500 орчим хүүхэд оролцлоо. Тэрбээр арга хэмжээний эхэнд аав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбатынхаа дурсгалыг хүндэтгэж үг хэлсэн юм. Үүний дараа ирсэн хүүхдүүдэд өөрийгөө танилцуулж "Өөрсдийн хүсэл мөрөөдлөө олж, зорилготой амьдарч, түүнийхээ төлөө зүтгэвэл биелдэг юм шүү" гэдгийг онцлон захив.

Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 33 асрамж халамжийн төвд 1012 хүүхэд өсч хүмүүжиж байгаа гэсэн албан ёсны тоо бий.



Эх сурвалж: Монцама агентлаг