Би 2 жилийн өмнөөс эхлэн жил болгоны 12/31-нд өөртөө зориулж имэйл бичдэг болсон. Тухайн мэйлээ 3 сард нэг удаа уншиж гүйцэтгэлийг харж эргэцүүлээд дахин ирээдүй рүүгээ илгээдэг. Энэ арга маань надад тухайн жилээ том зургаар нь харах, юуны төлөө яагаад ажиллаад байгаагаа ухаарч ойлгох, цаг заваа зөв бас илүү чухал зүйлүүдэд зарцуулах зэргийг цэгцтэй харахад минь тусалж байгаа учраас хуваалцъя гэж бодсон юм. 

Ирэх жилд юу хийж бүтээхийг хүсэж байгаагаа үндсэн 5 ангилалд хуваана. Ингэвэл ялгаж салгахад хялбар бөгөөд нэг тийшээ хэтэрхий хазайж тэнцвэрээ алдахгүй байх боломжтой юм шиг санагддаг. Жишээ нь:

1. Гэр бүл

2. Хувь хүний хөгжил 

3. Бизнес

4. Мөнгө санхүү

5. Нийгэм

Ангилал бүрт өөрийнхөө хийхийг сайжруулахыг хүсэж байгаа 3 зүйлийг бичнэ. Хэтэрхий олон бол бүтэх магадлал муу учраас хамгийн чухал гэж бодсон бас хийж амжина чадна гэж бодсон зүйлүүдээ бичнэ. Ингэхдээ хамгийн гол нь юу хийхээ биш юунд хүрчихсэн байх ёстойгоо буюу хүсэж буй "үр дүн"-гээ л бичнэ. Жишээ нь: Мөнгө санхүү ангилалд: Шинэ орлогын эх үүсвэртэй болно гэж бичихийн оронд "Үндсэн цалингаас гадуур 10 сая төгрөгийн нэмэлт орлого олно". Хувь хүний хөгжил ангилалд: Морин хуур дарж сурна гэхийн оронд Морин хуураар 5 ая бүтнээр нь тоглож сурна гэж бичвэл явцын дунд хэмжихэд бас эцэст нь дүгнэхэд амар. 

Яаж энэ 15 зорилтод хүрэх вэ гэдэг бол тусдаа асуудал ба өнөөдөр тэрний төлөө санаа зовох өдөр биш. Нэгэнт өөрөө чадна гэж бодоод, өөртөө бүрэн итгээд, сэтгэл зүрх шулуудсан хүнд үнэхээр бүх боломжоо дайчилж чармайвал арга олдож л таараа.  

Шинэ ондоо зорьсон бас түүнийхээ төлөө зүтгэсэн болгон тань биелэх болтугай!

Жич: Inbox.google.com имэйлийн програмыг ашиглаад өөртөө мэйл бичиж "Snooze" функцыг ашиглан цаг хугацаа зааж ирээдүй рүүгээ илгээж болно.

В.Баярсайхан