НБЭ - ийн 67 дах удаагийн бүх оддын тоглолт Лос Анжелес хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бүх оддын тоглолтын сүүлийн өдөр ЛэБроны баг Стэфийн багийн эсрэг тоглосон юм.

Нягт хамгаалалт дунд явагдаж өнгөрсөн тус тоглолтод ЛэБроны баг Стэфийн багийг 148:145 харьцаатай буулгаж авсан бөгөөд багийн ахлагч ЛэБрон Жэймс 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдлээ. Энэ нь түүний карьерын гурав дах бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал юм.

Стэфийн баг эхний хагасыг 15 онооны тэргүүлэлтэй дуусгасан. Гэвч ЛэБроны баг төгсгөлөө сайн хийж, тоглолтын хувь заяаг өөрийн талд эргүүлж чадлаа.

ЛэБрон Жэймс хамгийн сүүлд 10 жилийн өмнө Нью Орлеанс хотод зохион байгуулагдсан бүх оддын тоглолтод 27 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэж үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж байжээ. Тус тоглолтод дорнод бүс 122:120 харьцаатай хожил байгуулсан юм.

Жэймс ийнхүү Оскар Робертсон, Майкл Жордан, Шакил О'Нил нарын эгнээнд нэгдэж байна. Боб Пэтит тус шагналын дөрвөн удаа хүртсэн амжилтаар лигийг тэргүүлдэг ажээ.