Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг. Энэ жил улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас 32 нь допингийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу нь нэгтгэгдэн иржээ. 

Бөхчүүдээс авсан сорьц долдугаар сарын 17-ноос лабораторийн шинжилгээнд орсон бөгөөд долдугаар сарын 27-нд эхний буюу 31 бөхийн шинжилгээний хариу ирсэн байна. Харин өнөөдөр үлдсэн нэг бөхийн допингийн шинжилгээний хариу эерэг гарч, WADA-гийн батламжлагдсан лабораториос мэдээллийг ирүүлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар тэргүүтэй албаны хүмүүс бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар өнөөдөр (2023.08.21) мэдээлэл өгөв.

"Б СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЦЭСЛЭН ГАРСНЫ ДАРАА НЭРИЙГ ЗАРЛАХ
ДҮРЭМ ЖУРАМ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
"

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: 

-Эргэлзээтэй хариуг дахин дахин нягталдаг. Сүүлийн хариу өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд ирсэн тул энэ даруйд олон нийтэд мэдээлж байна. Нууж хаагаагүй. Шөвгөрсөн бөхийн нэгээс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Тэрбээр Б сорьцын шинжилгээ хийлгэх бол өөрөө зардлаа гаргана. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Допинг хэрэглээд ийм үр дүнд хүрсэн нь харамсалтай байна.

Тамирчинд Б сорьцын шинжилгээнд орох эсэх эрх байдаг. Б сорьцын шинжилгээний хариуг эцэслэн гарсны дараа нэрийг зарлах дүрэм журам үйлчилж байна. Тухайн тамирчинд бид хүндэтгэлтэй хандаж, Б сорьцын шинжилгээнд орж нягтлах хэрэгтэй. Эсвэл допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсний дараа олон нийтэд нэрийг зарлаж болно.

Шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь баталгаажвал хариуцлагын асуудал ярина. Допинг хэрэглэсэн тамирчдын барилдах эрхийг 2, 4, 8, жилээр болон бүх насаар нь хасах зарчимтай.

Баяр наадмын өдрүүдэд допингийн шинжилгээг тагнуул, цагдаа, АТГ, сурын холбоо, үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж 32 бөхөөс авсан. Тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд сорьцуудыг лабораторид хүргэх хүртэл бичлэг хийж, баталгаажуулсан. Илгээмжийг лабораторид хүргэх хүртэл баталгаажуулсан гэсэн үг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, цөөн байдаг лабораторид шинжлүүлсэн гэж үзэж байна. Шинжилгээний хариу хурдан ирдэг гарцыг олно.

2025 оноос аймгийн наадамд барилдах бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудалд холбоогүй. Яамны Төрийн нарийн бичгийн дарга үе үеийн наадмын Үндэсний бөхийн салбар хороог ахалж ирсэн. 

МҮБХ зөвшөөрвөл өөрсдийн зардлаараа бөхчүүдээс допингийн шинжилгээ авах тохиролцоонд хүрнэ. Баяр наадмаар бөхийн бай, шагнал, аваргуудад хүндэтгэл үзүүлэх, хүүхдийн барилдааны бай шагналд төсөв батлагддаг.

"А СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ Б СОРЬЦЫН ХАРИУ 
ДАВТАХГҮЙ БОЛ ХҮЧИНГҮЙ БОЛДОГ"

Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболд:

-Допингийн Б сорьц гэдэг дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг. 32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн.

А сорьцын шинжилгээний хариуг Б сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй. Тамирчин Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэхийг 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг.

Допингийн шинжилгээний зардал баяр наадмын төсөвт байдаггүй. WADA-гийн батламжлагдсан лаборатори Засгийн газартай хийсэн гэрээний үндсэн дээр ямар спортын тэмцээний шинжилгээг хийсэн үр дүнгээр санхүүжилтээ авдаг гэж ойлгож байгаа. Стандарт шинжилгээ буюу лабораторийн дараалал, хүчин чадлаасаа шалтгаалаад тодорхой цаг хугацааны дараа авах, эсвэл илүү мөнгө төлөөд шуурхай авах уу гэдэг асуудал бий.

Манайх ямар нэг байдлаар олон улсын байгууллагаас санхүүждэггүй байгууллага. Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлдэг. Допингийн шинжилгээний төлбөрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдэж өгдөг.

Допинг илрээгүй 31 бөх шинжилгээний хариугаа нэг хүний асуудал шийдэгдсэний дараа авах хэрэгтэй байх.

"16 ХАРВААЧААС АВСАН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭНИЙ ХАРИУ ИРЖЭЭ"

Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн мэдээлснээр, шинжилгээний хариуг эерэг гарсан бөхөд л мэдэгддэг байна.

А, Б сорьцоор допинг илэрсэн нь тогтоогдвол тухайн бөхөд унасан бөхчүүдийг давсанд тооцож, тэр даваанд нь цол авах бөх байсан бол цолыг олгуулах саналаа Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлдэг аж.  Түүнийг Баяр наадмыг зохион байгуулах хороо Ерөнхийлөгчид уламжлах юм байна.

Дашрамд дурдахад, Үндэсний баяр наадмын сурын харваан доролцсон 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариу ч иржээ.