Улсын гарьд Ө. Бат-Орших, Улсын заан Б. Пүрэвсайхан, Улсын начин Э. Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С. Майнбаяр нарын сэргээш хэрэглэсэн гэх асуудлаас болж бөхийн холбоод талцан дорвитой шийдвэрт хүрэлгүй өдийг хүрсэн. 

Үүнтэй холбоотойгоор эдгээр бөхчүүд хамтран мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд бөх сонирхогч монголын ард түмнээсээ хийсэн үйлдэл бүхнээсээ уучлалт хүсэж, бэртэл гэмтэлийн улмаас наадмын бус үеийн шинжилгээнд хориотой эмийн бодис илэрч эрхээ хасуулсан гээд МҮБХолбоо маань бөхчүүдийнхээ төлөө бус бөхийн өргөөний өмчлөл, шийтгэл хариуцлагын төлөө явж байгаа нь харамсалтай гэжээ. Мөн спортоор хичээллэж буй нийт залуусдаа бэртэл гэмтлээ мэргэжлийн эмнэлэгээр жил бүрийн хориотой бодисны жагсаалттай танилцаж судалсны үндсэн дээр эмчилгээгээ хийлгэхийг зөвлөсөн байна.

МЭДЭГДЭЛ:

Монголынхоо ард түмэн болон иддоо энэхүү өдрийн мэндийг хүргэе

Юуны өмнө МҮБХ, нийт бөхчүүд болон бөх сонирхогч монголын ард түмнээсээ хийсэн үйлдэл бүхнээсээ уучлалт хүсэж байна.

Та бүхэн минь авах гээхийн ухаанаар хандаж бидний уучлалт болон хүсэлт тайлбарыг минь хүлээн авцгаана уу!

Бөхчүүд бид чинь наадам дуусаа л аав ээж, нутаг ус, амралт гээд хэрэглэж байгаа юмандаа анхаарал тавилгүй намар хүртэл амралтын байдалтай байж он гараад цагаан сарын барилдааны дараагаас л наадмынхаа бэлтгэлд орж биесээ бэлдэж бэлтгэлээ жигдэрүүлдэгийг бөхчүүд минь мэдэж байгаа байх.

Бэртэл гэмтэлийн улмаас наадмын бус үеийн шинжилгээнд хориотой эмийн бодис илэрч эрхээ хасуулсан.

МҮБ-ийн холбоо маань бөхчүүдийнхээ төлөө бус бөхийн өргөөний өмчлөл, шийтгэл хариуцлагын төлөө явж байгаа нь харамсалтай.

Иймд хуулийн байгууллагад хандаж барилдах эрхээ сэргээлгэсэн.

МҮБХолбоонд хандахад удахгүй шийднэ, нааштай гарах байх, 2 бөхийн холбоо маань учраа олоод авъя гэсээр 2018оны 1 сараас өдийг хүртэл 1 жил 5 сар барилдуулаагүй мөн шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй.

Үндэсний их баяр наадмаар шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд ч 1 жил 5 сар барилдаагүй өнжсөн тохиолдол байхгүй юм билээ.

Наадмын бус үеийн шинжилгээг ганцхан удаа 2017-2018 оны өвөл авч түүнээс хойш аваагүй нь шудрага бус байгаа юм.

Иймд нэгэнт шүүх барилдах эрх сэргээсэн учир цаашид иймэрхүү алдаа гаргахгүй шудрага сайхан барилдаж, үзэгч түмнээ баясган, шөвгөрч олон шинжилгээ өгөх байх гэж бодож байна.

Спорт гэдэг зүйл залуу насны зүйл байдаг учраас ард түмэн үзэгч олноо баясгаж нутаг ус, аав ээжээрээ дуудуулан барилддаг амьдралын минь томоохон түүх болон үлдэх, бага байхаасаа л хүсэж мөрөөдөж зүрх сэтгэлээ зориулсан болохоор МҮБХолбоо, бөхчүүд болон үзэгч түмэн минь зөвөөр хүлээж аваасай гэж маш их хүсэж байна.

Мөн спортоор хичээллэж байгаа нийт залуусдаа бэртэл гэмтлээ мэргэжлийн эмнэлэгээр жил бүрийн хориотой бодисны жагсаалттай танилцаж судалсны үндсэн дээр эмчилгээгээ хийлгэж баймаар юм байна гэж зөвлөе.

Хүндэтгэсэн:

МУ-ын гарьд Ө.Бат-Орших
МУ-ын заан Б.Пүрэвсайхан
МУ-ын начин Э.Даш
А.Х.Арслан Б.Номиндалай
Сумын заан С.Майнбаяр