"Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шижилгээний хариу гарсан. Наадмыг зохион байгуулах комисс олон нийтэд мэдээллэх журамтай" гэж Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсан баасан гарагт мэдээлсэн.

Уг мэдээллийн дараа хоёр бөхөөс допинг илэрсэн, гэвч хэн гэдгийг нь зарлахгүй байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлэл болон цахим хэрэгслээр цацагдаад буй.

Энэ талаар Монгол Улсын арслан Ц.Содномдорж өчигдөр цөхим хуудсаараа мэдэгдэл хийжээ.

Тэрбээр "Би өнөөдөр Хөвсгөл аймгийнхаа Тосонцэнгэл сумын баяр наадамд ирж барилдаад байж байна. Допингийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл хүргэхээр анх удаа "лайв" хийж байна. 

2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Наадмыг зохион байгуулах комиссоос над руу ярьсан. "Таны допингийн шинжилгээний хариу ирлээ. Шинжилгээгээр ямар нэгэн хориотой эмийн бодис илэрсэнгүй" гэдгийг хэлсэн. Би сая хэвлэл мэдээллээр үзэж байхад Наадмыг зохион байгуулах комисс допингийн шинжилгээний хариу ирээгүй гэсэн мэдээлэл өгч байх юм. Гэтэл өчигдөр тус комиссоос над руу "бүх бөхийн шинжилгээний хариу ирсэн" гэж ярьж, миний хариуг өгсөн. Хоёр бөх сэргээшийн асуудалтай байгаа юм шиг байна. Үүнийг даруйхан зарлахыг Наадмыг зохион байгуулах комисс болон Шадар сайдаас хүсэж байна. Ямартай ч бүх бөхийн шинжилгээний хариу гарсан. Өчигдөр шөвгийн 16 бөхөд бүгдэд нь хариуг нь өгсөн байгаа" хэмээлээ.