Б.Баясгалан
08 сарын 12, 2019
Хоёр бөхөөс допингийн төрөлд хамаарах эмийн бодис илэрсэн гэх асуудалтай холбоотойгоор Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн "Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу ирсэн. 8 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай хариу 8 дугаар сарын 8-нд бидэнд ирсэн. Бид тус өдрөө болон 8 дугаар сарын 09-нд бөх тус бүрт хариуг утсаар мэдэгдсэн. 16 бөхийн 14-өөс нь ямар нэгэн хориотой бодис илрээгүй, хоёр бөхөөс илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нөгөө бөхөөс 4 төрлийн хориотой бодис илэрсэн гэсэн хариу ирсэн.
Бодис илэрсэн хоёр бөхийн утас энэ сарын 8, 9-нд холбогдохгүй байсан учир мэссэж бичиж үлдээсэн. Үүний дагуу нэг нь 9-нд, нэг нь 11-нд өөрийн биеэр ирж хариутай танилцсан. Журмын дагуу тус бөхчүүд хариутайгаа танилцсанаасаа хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээ өгөх эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй. Энэ хариугаа хүлээн зөвшөөрч байвал өгөхгүй, зөвшөөрөхгүй байвал өгнө. Гэхдээ шинжилгээний бүх зардлыг өөрсдөөсөө гаргана.
Энэ 10 хоногийн хугацаанд бид сөрөг хариу гарсан бөхчүүдийн нэрийг зарлахгүй байх журамтай. Улмаар Б сорьцын шинжилгээний хариу гарангуут олон нийтэд мэдээллэнэ. Б сорьцын шинжилгээ өгөхгүй бол мөн 10 хоногийн дараа А сорьцын энэ хариуг олон нийтэд мэдээллэнэ" хэмээн мэдэгдлээ.
Ямартай ч өнөөдрийн байдлаар шөвгөрсөн 16 бөхөөс 14 нь шинжилгээний хариугаа авсан, ямар нэгэн хориотой бодис илрээгүй хэмээн мэдэгдсэн. Хоёр бөх мэдээлэл хийлгүй үлдээд буй юм. Одоогоор шууд үлдсэн хоёр бөхөөс илэрсэн хэмээн зарлах, дүгнэх боломжгүй байна.


Шөвгөрсөн 16 бөх
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.