Тэнгэрлэг монголчуудын нууц шүтээн судар! Энэ номыг байн байн сөхөж харах дуртай. Аль ч хуудаснаас нь хамаагүй дэлгэж үзэхэд нууц товчооны аль нэг хэсгийн цохолбор таарах бөгөөд зохиогчийн тайлбар, таамаг, логикоор хөөн үзсэн гаргалгаа, уран сэтгэмжүүд сонирхол, шохооорхолыг өөрийн эрхгүй татна.

Нууц товчоо нь алтан ургийн нууц судар болохоос гадна өөрөө төсөөлшгүй, тайлагдашгүй, хязгааргүй гүн гүнзгий нууцуудыг агуулж буйн учир түүний нууцад нэвтрэх гэсэн хүнийг гүр соронз лугаа татах шид увидас шингэсэн бүтээл юм даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Түүхийг эдүүгээчлэн үзэж тайлж тайлбарлах оролдлого их байдгаас алдаа мадагтай буруу зөрүү ойлголтууд бий болдог ажээ. Найман зууны тэртээх монгол хүний ахуй соёл, шүтлэг, зан заншил, ертөнцийг үзэх үзэл,  сэтгэлгээг гүн гүнзгий танин мэдэж, тухайн цаг үеийн нөхцөл байдлыг оюун сэтгэлдээ мэдэрч чадаж гэмээ нь түүхийн тайлал үнэн зөвд ихэд ойртох юм байна гэж бодогдлоо.

 Нууц товчоо бол хэн нэгэн зохиогчийн бүтээл бус түүхэн үйл явдлын тухай хууч, аман яриаг эмхэтгэн, өөрийн үзсэн харсан, сонссон дуулсанаа найруулан бичсэн бичгийн болон яруу найргийн өндөр боловсролтой сонгодог бичээчийн "Домог, түүхэн эсээ, яруу найраг, эрхи товчисын хосгүй антолог, өнөө ч асар баялаг судлагдахуун болохуйц өвөрмөц роман юм." Хязгааргүй олон таамаг төсөөллийг нэг утгаар нь бүрмөсөн  дуусгалгүй уншигчдын өмнө нээлттэй орхисноороо Монголын нууц товчоон өнөөдөр ч маш шинэлэг, нэн орчин үеийн бүтээл юм гэж Аюур зохиолч дүгнэжээ.

 "Бүх цаг үе өөрийн постмодернизмтэй" гэсэн эшлэлийг тунгааж үзвэл манай анхны бас мөнхийн постмодернист бүтээл бол яахын аргагүй Нууц товчоон юм даа бахархал төрж байна. Өрнийн утга зохиолын гигантуудаас аль эрт, бүүр хэдэн зууны өмнө  өнөөгийн өндөрлөгөөс харахад уран зохиолын бүх элемэнтийг  өөртөө агуулсан, олон төрөл жанрыг хослуулсан,  бичвэр сүлэлдээний  гайхамшигт бүтээл туурвин үлдээсэн гэж бодохоор монгол үндэстэн зөвхөн дайн байлдаанд гарамгай бус оюун сэтгэлгээний хувьд нэн өндөр түвшинд хүрсэн байжээ гэх омогшил төрнө. Зохиолч хүн ажигч гярхай зантай, өвөрмөц сэтгэлгээтэй, ургуулан бодох, төсөөлөн хийсвэрлэх чадвар нь  гайхалтай юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдлоо. 

Г.Аюурзана зохиолч "Илбэ зэрэглээ" нэрт анхны романаа туурвиж байхдаа нууц товчооны цохолборуудаа эхэлж байжээ. Нууц товчооны  онц сонирхолтой, маргаантай, далд битүүлэг, учир нь  үл ухагдах, чухал ач холбогдолтой цохолборуудыг түүвэрлэн авч урьд өмнө нь хэн нэгэн олж ажиглаагүй өөр өнцгөөс өөрийн таамгийг дэвшүүлэн логик гаргалгаа хийсэн нь манайдаа анхдагч шинэ сэтгэлгээний бүтээл хэмээн бардам хэлэхэд болохоор байна. Нууц товчооноос хойш зохиогдсон эш судруудад ямар нэгэн хэмжээгээр шашны нөлөө, улс төрийн агуулга орсон байдаг учраас маргаангүй үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай болохыг сануулж байна. 

 Манай нэгэн романч Чингис хааныг буддын шашинтан байсан мэтээр гал голомтондоо Манзуршийн хувилгааныг төрүүлэх гэж чармайж байгаа тухай бичсэн нь энэ мэтээс болдог байх. Нууц товчоо бичигдэж ахуйд Мөнх тэнгэр бол монголчуудын цорын ганц шүтээн, хувь заяагаа даатгадаг сахиус нь байжээ гэдгийг нууц товчооны цохолборууд өөрөө баталж байна. "Тэнгэрийн судар" бол зохиолчийн уншиж судалсан арвин их мэдлэг, авьяас онгодын  торгон мэдрэмж хоёрын уулзвараас төрөн гарсан зөн билгийн бүтээл гэлтэй. Учир нь нууц товчоо өөрөө монголчуудын оюун санааны далд нууц код, ирээдүйг тольдсон зөн билгийн бүтээл болохоор тэр. Нууц товчоон ямархуу гайхалтай, оюун санааны гоц дээд болохыг энэ номоос та мэдэж авч болно. Түүх, утга зохиолын талаас нь тун нарийн шинжиж, анализ дүгнэлт хийсэн сонин сайхан бичвэрүүдийг номын хуудас болгоноос мэдэрч монголын түүхийн аугаа баялгийг гайхан бишрэх буй заа.

Түүх бол нэн түрүүнд уран сайхны сэтгэлгээ. Тиймээс уран сэтгэмжээр тайлж тайлбарлах нь хэн хүнд сонирхол шохоорхол, итгэл үнэмшил төрүүлнэ. Цаашид өөрөө эргэцүүлэн бодох сэдэл сэжим, төсөөлөн хийсвэрлэх урам зориг өгнө. Нууц товчооны нууцад нэвтрэх гэсэн эрэл хайгуулаар дүүрэн энэ ном таныг хэзээ ч уйдаахгүй. Гэхдээ нууц товчоог үзсэн бол шүү дээ .  

 .......Нууц товчооны олонд түгсэн хувилбараар бус сонгодог галигаар уншиж үзвэл Бөртө Чоно хаа нэгтээгээс ирсэн бус Монголын газрын уугуул эзэн ажээ.!!! Харин хаа нэгтэйгээс тэнгис гэтэлж ирсэн овгийн бүсгүйтэй гэрлэн Чингис хааны язгуур үүсчээ гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Бөртө Чоно, Хуа Марал бол ямар нэгэн чоно, согооны тухай ойлголт ч  биш, овгийн шүтээн тотем ч биш, харин овгийн удирдагчийн цол хэргэм, өргөмжлөл хүндлэл гэхээр бэлгэдэлт нэрс гэсэн тайлбар хийсэн байна. Бөртө Чоно, Хуа Марал нь түүхт хүмүүс гэхээсээ илүүтэй төсөөлшгүй чинадын дээд өвгө, эмгэ  домгийн элэнц дээдэс, тиймээс Батачихан бол тэдний хүүхэд байх албагүй. Тэдний хооронд хэчнээн үе улирч одсоныг тааж таамаглах аргагүй. Батачихан бол тэдний удмын нэг улаач!...

 Сонин хачин таамаглал, сэтгэмжүүд номын эхний хуудаснаас л ийнхүү хөврөнө дөө."Миний таамаглалууд  эгээ л квант физикийн таамаглалууд шиг..." хэмээн зохиогч нэг ярилцлагандаа дурдсан санагдаж байна.Энэ их учиртай үг биз ээ.  Ер нь нууц товчоог уншаагүй байсан ч,  ямар гоё юм бэ унших юмсан гэх сэдэл төрүүлэхээр тийм гайхалтай сайхан бүтээл юмаа  "Тэнгэрийн судар".