ХХ зууны суут зохиолчдын тэргүүн зэрэгт нэрлэгддэг Прүстын Марселийн “Алдуул цагийн эрэлд” 7 боть романы тэргүүн дэвтэр буюу “Сувааны зүг” саяхан монгол хэлнээ орчуулагдан гарчээ.

Утга зохиол судлаачид хийгээд уран зохиолын ертөнцийнхөн энэхүү романыг хэр баргийн хүн уншиж ойлгоход бэрх агуу Ж.Жойсийн “Үлисс”-тэй эн тэнцэхүйц бүтээл хэмээн үнэлсэн байдаг.

Ийнхүү монгол хэлнээ зайлшгүй орчуулагдах учиртай байсан дэлхийн сонгодог зохиолын нэгэн адармаатай зохиолыг эрхэм хурандаа Л.Алтангэрэл франц эх хэлнээс нь дуун хөрвүүлжээ.

Уран зохиолд хайртай, хүнд даацын зохиол уншиж оюунаа хурцлах хүсэлтэй хэн боловч энэхүү зохиолыг эх хэл дээрээ унших ховорхон боломж нээгджээ.

Эл романыг МУСГЗ нэрт зохиолч Г.Аюурзана хянан тохиолдуулж, оршил бичсэнийг мэргэн уншигч танаа өргөн толилуулья.

ХҮҮРНЭЛ ЯРУУ НАЙРАГ

“Ухамсрын урсгал” хэмээх нэр томьёог өвөрмонголчууд “Бодлын урсгал” гэж орчуулсан байна билээ. Бидний бодол хором мөч бүхэнд зогсолгүй, эгээ л гол ус мэт урсаж байдаг. Санаанд халгих тэр л сэрэл мэдрэмжийн урсгалыг шууд дагаж, үгээр илэрхийлбэл ямаршуу хэлбэрийн бичвэр цаасанд буух бол? Ийм оролдлогоос дэлхийн уран зохиолын тэргүүлэгч зарим хэлбэр төрөн биежсэн юм.

Францын ихэс дээдсийн амьдралд бодлынхоо урсгалыг л ажиглан, амьдралыг яг байгаагаар нь, тухайн цагт нь мэдрэх боломж илүү байсан ч юм даг уу. Бодлоо дагасан, амьдралаа дотроос нь ажсан өнгө аястай бичвэр Монтэниэс хойш чухам л францчуудын дунд илүүтэй хэлбэржиж төлөвшсөн нь сонирхолтой. Ийм хэлбэрээр уран зохиолыг өөрийн дотоод ертөнц рүү татаж, зүрх сэтгэлийг нь дайран өнгөрөх он цаг хийгээд сэрэл мэдрэмжийн урсгалыг яруу найргийн хэлээр бичиглэсэн ХХ зууны гайхамшигт романч бол Марсель Прүст билээ.

“Алдуул цагийн эрэлд” хэмээх, нийтдээ 3000 гаруй хуудас эзлэх, цуврал долоон дэвтэр нүсэр романыхаа эхний хоёр ботийг бичсэнийхээ дараа Прүст уран зохиолын хүрээнд алдаршиж, нэр хүндтэй шагнал ч хүртжээ.

Цаг хугацаа хэдийд үгүй болдог вэ? Өнгөрөн одсон, нэгэнт алдагдсан тэр л цаг хугацааг эрж хайхын утга юу юм бэ? 

Утга учрыг нь бид төдийлөн сайн мэдэхгүй ч, хүн бүхэн дурсах юмтай байх гээд, хаа нэгтээ улирч хоцорсон өнийн явдлыг өчүүхэн салхины үнэр, өчүүхэн төдий амт, өчүүхэн төдий өнгө аяс бидэнд зэрвэс ч болтугай сануулаад, түүнд нь автсандаа бид эргээд л дурсамждаа живчихсэн суудаг шүү дээ. Чухам ийм дурсамжуудыг Прүст “Элдвийн хуурмаг дүрийн орцгүй, үнэн цэврээрээ байгаа цаг хугацаа” гэж үзсэн юм. Цэвэр үнэн цаг хугацаа алдагдсаны хойно л бид түүнийг жинхэнээс нь ухаарч, мэдэрч, магадгүй эрж хайх боломжтой.

Роман уншихад хүнд бөгөөд маш яруу тансаг мэдрэмжээр бичигдсэн учраас эхний хэдэн хуудсыг сөхөж хараад хойш тавьчихсан хүмүүс амьдралаас тасраад явчихсан уянгын бодрол мэтээр ойлгодог. Гэвч тийм биш ээ. 

Францын уран зохиолд ямагт чухал сэдэв байсаар ирсэн нийгмийн ёс суртахууныг соригч механизм – мөнгөний хаанчлал Прүстийн баатруудыг ч мөн тойроогүй нь өнгөн дээрээ импрессионист, натуралист, заримдаа Монтэнийг санагдуулсан скептик маягийн энэ зохиолыг хааяа Бальзакыг санагдуулам реалист болгочихдог. Бодлынхоо урсгалыг зогсоож бариад зурсан биш, харин урсгал дунд нь даган хөвж бичсэний; зохиогчийн эргэн тойрон дахь үнэн амьдрал ч мөн тусгалаа олсны мөн чанар тэр юм. Дотоод сэтгэлийн хүчирхэг монологууд, ой санамжаа тэмтэрсэн мөнөөх бодлын урсгалууд нь зохиогчийн хувийн амьдралаас урган гарсан бүхий л үйл явдлаас цаг хугацаа хэмээх ойлголтыг бүрмөсөн арчиж, өнгөрсөн одоо хоёрын зааг ялгааг үгүйсгэчих шиг сэтгэгдэл төрүүлэгч энэ романыг “хүүрнэл яруу найраг” хэмээдгийн учрыг ч уншигч та мөдхөн мэдрэх биз ээ.

Багын анд Л.Алтангэрэл маань франц эхээс нь буулгаж, зарим далд дам бэлгэдлээр илэрхийлсэн хэсгүүдийг англи, орос орчуулгатай дүйлгэн нягталж, уйгагүй судалгаа хийн байж орчуулсан энэхүү тэргүүн дэвтэр болох “Свааны зүгт” (“Свааных руу явдаг зам” ч гэж болмоор) роман миний бодлоор хамгийн гоё бичлэгтэй нь. Энэ романы дотор “Свааны дурлал” хэмээх маш сонирхолтой, сэтгэлзүйн тууж байж ч болохоор хэсэг бас бий.

Миний бие анх 1990 оны орчим Н.Любимовын орчуулгаар орос хэлээр гарсан “Любовь Свана” хэмээх нимгэхэн номыг уншиж л Прүсттэй танилцсан юм даг. Бишрэл бахдал минь дээд цэгтээ хүрснийг өдгөө жаргалтайгаар дурсан санаж байна. Оросууд эдгээр долоон романыг бүрнээр нь хэвлэн гаргах гэж олон жил дамнасан их ажил болсон юм даг. Өмнө нь Любимовоос гадна А.Франковский, Л.Гуревич, А.Фёдоров гээд олон ч хүн орчуулж үзсэн. Любимовын орчуулгуудыг 1992-93 онд яг цувралаар ботилоод хэвлэж байтал, орчуулагч нь хүнд ажлын ард гарч дийлэлгүй нас барсан билээ. Сүүлчийн долоо дахь ботийг би бүр хожим 2000 онд л А.Смирновагийн орчуулгаар олж авсан гээд бодохоор оюуны бядтай сэхээтнүүд арвинтай, тэр том гүрний хувьд ч Прүстийг уншигчдад хүргэх нь амаргүй ажил байсан нь илт. Харин Алтангэрэл маань монгол хүний уйгагүй, хөдөлмөрч, зүтгэлтэй занг харуулж, аугаа долоон романыг түрүүчээс нь монголчлоод эхэллээ. Урьд нь “Жадамба”, “Банзрагч” судруудыг монголчилж, дорно дахины уламжлалт бичгийн хэлэнд цагааширсан хүний хувьд өрнө дахины энэ сонгодог туурвилыг уншууртай, сайхан буулгасан гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэхгүй байна.

Гүн овгийн Г.АЮУРЗАНА