Г.Аюурзана "Сүнсний томьёо"

Эртний Хятадын сэтгэгч Жуанз нэгэнтээ эрвээхэй болон нисэж явна зүүдэлжээ. Тэгээд сэрмэгцээ зүүдлэгч нь Жуанз юм уу, эсвэл Жуанз болж зүүдлэгдээд байгаа тэр эрвээхэй нь жинхэнэ Жуанз юм уу гэдгийг тодорхойлж чадаагүй аж. Амьдрал зүүд хоёрын аль нь бодитой болохыг хэрхэн яаж мэдэх вэ? Зүүдэн дотроо зүүдэлж байгаа нь амьдрал ч юм уу? 

Энэ зохиол яг л тийм тодорхойгүй, барьцгүй зүйлийн эргэн тойронд өрнөж, адал явдал дунд төөрөлдүүлэх аж. Рок хөгжим математик хоёр амьдрал дээр авцалдахгүй мэт санагдавч далд зүй тогтол нь холбож байдаг аж. 

Хөгжим бол математик. Математик бол урлаг. Тэгэхээр ертөнцийн далд гүнд агуу зохирлын систем үйлчилж байдаг байх нь. "Буй бүх юм тоо" гэж Пифагор хэлсэн. "Оршихуй бол хоосон чанар" гэж Будда айлдсан. Үүнийг нэгтгээд Хайзенберг "Эцсийн эцэст хэдэн математик томьёо, тэгшитгэл л оршин буй" гэжээ. Тэгэхээр "Сүнсний томьёо" байхад гайхах хэрэг үгүй ажээ.

МГУ-д суралцаж байсан Монгол оюутан Инжаннаш нэр цуутай математикч Орос багштайгаа хамтран зууны суут сэтгэгч Пуанкарегийн нэгэн алдартай таамаглалыг батлахаар  ажиллаж байтал гэнэтийн золгүй явдалд өртөн амьдралын ёроол руу унажээ. Хүний мөн чанар ямар үед илэрч, итгэл үнэмшил ямар үед гуйвж дайвдаг юм бэ? Муу нь сайнаасаа олон атал муу хүмүүс цөөддөггүй хорлонтой болохыг олж мэдэхэд ямар хэцүү юм бэ? Гаднаасаа сайн сайхан, эгэл жирийн харагдаж байгаа тэр бүхэн дотроо ямар хорон муухайг үйлдэж байгааг бид олж харж чадахгүй. 

Амьдрал гэдэг санамсаргүй тохиолдлоор дүүрэн байвч тэр тохиолдол бүхний цаана далд үр дагавар, учир шалтгаан нуугдаж байгаа. Бид тэр бүхнийг хөвөрдөн хөөж далд учир шалтгааны нь тайлж хэзээ ч чадахгүй. Хоёр зууны өмнө амьдарч байсан сод хүмүүн Ванчинбалын Инжаннашийн нэрийг ач хүүдээ өгсөн өвөө нь хожим тэр нэрнээс улбаалан ямархуу үр дагавар гарч, үйл явдал санаанд оромгүй эргэн ач хүүгийнх нь хувь заяанд эргэлт гарахыг хэрхэн таамаглах билээ. Инжаннаш багштай ижил нэртэй математикт гоц  хүү ангид нь шилжиж ирсэн нь зүгээр нэг тохиолдол уу, урьд өмнө нь тодорхойлчихсон хувь тавилангийн зураг юм уу? Хорвоо санамсаргүй зайлшгүй хоёрын шүтэн барилдлага гэх авай. Гэтэл аль нь санамсаргүй, аль нь зайлшгүй юм бэ? Нэг юмны хоёр тал уу? Үйл явдал нь нэгээс нөгөөд шилжиж, тэгснээ эргэн буцаж яг л Пуанкарегийн таамагласан "Цаг хугацааны урсгал дунд орон зай мөнхөд агшиж тэлж байгаа" гэдэг шиг цаг хугацаа хэмээх "квантын гишгүүр"-ээр нааш цаашаа чөлөөтэй зугаалах мэт тийм хачирхалтай байлаа. Ижил нэртэй гурван хүний хувь заяа дам дамаар бие биедээ нөлөөлж таагдашгүй сонин үйл явдлын эргүүлэгт орно гэж яаж мэдэх билээ.

Зохиолч зөвхөн үйл явдлыг өгүүлж уншигч өөрөө учир начрыг нь тунгаах хэрэгтэй боллоо. Нууц нь тайлагдаагүй аллагаас сэдэвлэн бичсэн "Аристотелийн сүнсийг дуудсан" номыг тойрсон үйл явдлууд нэг үнэн хоёр худлаар дүүрэн аж. Бусдын оюун  ухааныг дээрэмдэхийн тулд зохион байгуулсан зохиомол хэрэг. Авьяастай шударга хүнд атаархагчид яасан ч олон юм бэ дээ.Яг л судлаач Ч.Эрдэнэ гуайг ад үздэг шиг. Хүн цор ганц давтагдашгүй гэдгээрээ мөнөөх "анхны тоо"- нууд шиг хуваагдашгүй. Гэтэл амьдрал дээр хуваагчууд мундахгүй олон аж.

Алдартай рок хамтлаг Pink Ployd-n хөгжмийг "жинхэнэ математик"  гэж итгэлтэй хэлж буй Инжаннаш багш, хэлмэгдэн хохирсон багшийнхаа хэргийн үнэн мөнийг тогтоох гэж анализ гаргалгаа хийж буй мөрдөгч Асралт,  багшийнхаа дутуу амьдралыг дүүрэн болгож өгсөн Инжин, сайн эхнэр Цээгий, хүнлэг чанар мөнхийн хууль болохыг сануулсан Ануншунаа, хайртай хүнийхээ төлөө өөрийгөө золиослосон Золоо,  адтай дур булаам Нэнсэндарь, гэмгүй хорон хүмүүсийн төлөөлөл Антон Николаич , байж боломгүй хачин хувь заяатай Инжаннаш багшийн аав ээж хоёр гээд хоорондоо хувь заяаны эрхээр холбогдсон зохиолын баатрууд дунд би ч өөрөө нэг баатар нь болж сэтгэл оюунаараа  хамт аялсан нь бас л хувь заяа юмаа. 

Орчлон өөрөө эргэж хөрвөдөг, агшиж сунадаг ер бусын бүтэцтэй байхад хүний амьдрал бас хоорондоо огтлолцсон, эргэж мушгирсан  үйлийн үртэй байх нь арга ч үгүй юм даа. Бусдын амьдралыг булааж болж байхад зүүдийг бас хулгайлж болох нь.  Хачин адармаатай, сэтгэл татам гоё зохиол юм гээч. Рок хөгжим огт мэдэхгүй би Пинк Плойд хамтлагийг сонсох дуртай болоод байгаа шүү. Зүүдний зэрэгцээ ертөнцийн хилийг гаталсан хойноо аль нь хуурмаг, аль нь үнэн болохыг мэдэх байх даа.

Төгсгөлд нь: Зохиолын оршилд зохиолчийн гэрт ирж өвгө эцгийнхээ тухай ном бичүүлэхийг хүссэн, тавиур дээр байгаа нөгөө номыг хараад "энэ бол хувь тавилан" хэмээн хашгирсан тэр "солиотой" хүн бол энэ бүх түүхийг хүүрнэсэн Инжин байх нь ээ. Жич: Хамгийн олон эшлэл авч болохоор зохиол  юм. Эцсийн эцэст ямар ч зохиолоос эшлэл л үлддэг шүү дээ