1072 ногдол ашиг хүлээн авах дансаа үнэн зөвөөр энэ ондоо баталгаажуулсан иргэдэд ногдол ашиг нь эхнээсээ амжилттай ороод буй. Харин ногдол ашиг нь хараахан орж амжаагүй иргэдээс ирсэн түгээмэл асуултын хариултыг хүргэж байна.

1. Хэрхэн дансаа баталгаажуулах вэ? Өмнө нь бичиж өгсөн данс маань холбогдсон болов уу?
Хувьцааны данс анх нээлгэхэд өгсөн банкны дансны овог нэр зөрсөн, алдаатай бичсэн, тухайн иргэний өөрийн нэр дээрх данс биш байсан зэргээс шалтгаалж дахин баталгаажуулах иргэдэд гарсан. Дансаа баталгаажуулахдаа өөрийн данс нээлгэсэн брокерийн компанидаа хандана. Хэрвээ та Ард Секюритиз дээр данстай бол Ард Аппаар, вэб хуудсаар, ФБ чатаар болон өөрийн биеэр ирж дансаа баталгаажуулах боломжтой. Түүнчлэн ибаримтаар дамжуулан түргэн шуурхай дансаа баталгаажуулах боломжтой.

2. Хүүхэд маань өөрийн нэр дээрээ дансгүй. Хүүхдийн мөнгө авдаг миний данс руу оруулж болох уу? 
Брокерийн компани зөвхөн өөрийн нэр дээрээ банкны данстай том хүн болон хүүхдийн дансыг баталгаажуулах боломжтой. Хэрвээ хүүхдийн мөнгө авдаг асран хамгаалагчийн дансаар ногдол ашгаа авах бол зайлшгүй ибаримтаар дамжуулан хүүхэд дээрээ бүртгэл үүсгэн, баталгаажуулах боломжтой. 

3. Сая дансаа баталгаажууллаа. Хэзээ мөнгө орох вэ? Танай компани тараахгүй мөнгө бариад байгаа юм уу?
Ногдол ашгийг ҮЦТХТ иргэний баталгаажсан данс руу нь брокероор дамжуулахгүйгээр шууд шилжүүлж байгаа болно. Брокерийн компани зөвхөн дансыг нь ҮЦТХТ рүү шилжүүлж өгч байгаа болно. Одоогоор 7хоногт 1 удаа шилжүүлэг хийхээр төлөвлөж буйгаа ҮЦТХТ мэдэгдээд байна.

4. Ногдол ашгийн мөнгөөрөө хувьцаа авах боломжтой юу? Нээлгэсэн брокерийн дансаа хаалгах боломжтой юу?
Нээлгэсэн брокерийн дансаа хаалгах боломжгүй ба ҮЦТХТ дээр таны нэр дээр хувьцаа авах боломжтой данс нээгдсэн гэсэн үг. Энэхүү дансыг 1072 арилжигдаж эхлэхэд болон одоо хүссэн компанийн хувьцаагаа авахад хэрэглэх боломжтой.