Монголчууд олноор зорчдог улс орнуудад улаанбурханы халдварын тохиолдол нэмэгдсэн, мөн цар тахлын жилүүдэд вакцинд хамрагдаагүй хүүхдийн тоо нэмэгдсэн нь халдварын эрсдлийг улам ихэсгэж байна. Иймд өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандаж 10 сартайгаас 8 настай хүүхдээ вакцинд хамруулаарай. Улаанбурхан нь маш хурдан халдварладаг цочмог халдварт өвчин. Халдвартай хүн ханиах найтаах төдийд агаар дуслын замаар бусад хүнд халдварладаг. 

Улаанбурхан өвчин тусвал халуурах, нус гоожих, ханиалгах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, туурах зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна өвчин хүндэрвэл уугшины хатгалгаа, тархины үрэвслээр өвдөж нас барах аюултай. 

2015-2016 онд Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлт гарахад 140 хүн нас барсны 90% нь нялх балчир хүүхдүүд байжээ. Улаанбурханы вакцин хийлгээгүй хүүхдүүд халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй.

Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг товлолын вакциныг хүүхдэд 9 сар, 2 настайд хийдэг. Цар тахлын жилүүдэд товлолын вакцинаас хоцорсон бол нэмэлт дархлаажуулалтанд хамрагдаарай. Нэмэлт дархлаажуулалт бидний хүүхдийг улаанбурхан, улаанууд өвчнөөс хамгаалах зорилготой.