Шотландад 400 жилийн өмнө цаазлуулсан шуламнуудыг цагаатгана

Х.Оргил
01 сарын 03, 2022

400-аад жилийн өмнө олон мянган Шотланд эмэгтэйчүүдийг "шулам" хэмээн цоллож, цаазлан хороож байсан үйлдэлдээ тус улсын эрх баригчид уучлалт гуйж, цагаатгах гэж байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд байдаг Шотландын парламентын гишүүн Натали Донгийн гаргасан хуулийн төслийг Шотландын захирагч хатагтай Никола Стержений засаг захиргаа дэмжсэн байна.

1563-аас 1736 оны хооронд 4000 гаруй шотланд эмэгтэйчүүдийг шулам гэж шатаасан юм. Тэр үед тамлан зовоож, амьдаар нь галд шатааж байсан гашуун түүх бий.


Тэдний үйлдсэн гэх гэмт хэргийн жагсаалтад ихэвчлэн эзэн хааны хөлөг онгоцыг хараасан, далайн шуурга дэгдээж хөлөг онгоцыг живүүлсэн, хүнийг амьтан, эсвэл шувуу болгож өөрчилсөн, чөтгөртэй бүжиглэсэн зэрэг ял тулгадаг байсан аж.

2020 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр анх эхэлсэн Шотландын шуламс хөдөлгөөний идэвхтэн Клэйр Митчел хэлэхдээ "XVI-XVIII зууны хооронд  Европын бусад орнуудад шулам гэж цаазлуулсан хүмүүсийн тоотой харьцуулбал Шотландад түүнээс тав дахин олон хүмүүсийг цаазалсан юм" гэжээ.

"Энэхүү шударга бус зүйлд уучлалт гуйх ёстой. Тэднийг уучилснаар нийгэмд өнөөдрийг хүртэл оршсоор байгаа эцгийн эрхт ёсны хандлага, жендерийн үзлийг өөрчилж чадна" гэж хууль санаачлагч хэлсэн байна.


Холбоотой сэдвүүд

жендер шотланд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.