Энэ долоо хоногт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо болох “Улс байгуулагдсаны 70 жилийн ойн баяр”-т оролцохоор олон орны зочид төлөөлөгчид Умард Солонгост хүрэлцэн ирсээр байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт мэдээллээ.

Пхеньян хотноо ирж буй гадаадын зочдын гэрэл зургууд болон нэрсийн жагсаалтыг тус улсын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын “Родон Синмун” сонинд нийтэлсэн байна. Гадаадын зочид бямба гарагт бүгд ирж дуусах төлөвтэй байгаа аж.

Хятад улсын дарга Ши Жинпиний тусгай төлөөлөгчийн хувиар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Жаншу Пхеньян хот руу мордохоор төлөвлөж байгаа юм байна.

Хятадын гуравдугаар хүн гэгддэг Ли Жаншу БНХАУ-ын төлөөлөгчдийг ахалж ирэх бөгөөд Хятадын засгийн газар болон эрх баригч намын олон төлөөлөгч түүний хамтаар Ким Жөн Уны удирддаг Умард Солонгос улсад хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ.

ОХУ-аас Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко баярын үйл ажиллагаанд оролцох бөгөөд Пхеньянд тун удахгүй хүрэлцэн ирэх ажээ. Тэрбээр хоёр талын харилцааг сайжруулах талаар яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлнээр, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн тэргүүн дэд дарга Сальвадор Антонио Вальдес Меса төлөөлөгчдийн хамтаар Умард Солонгосын нийслэлд зочилж, ойн баярын арга хэмжээнүүдэд оролцох ажээ.

Бүгд Найрамдах Ливан Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Милия Жаббур, Бүгд Найрамдах Доминикан улсын Засаг захиргааны сайд Хосе Мигель Мехия тэргүүтэй төлөөлөгчид Пхеньян хотноо энэ долоо хоногийн эхээр хүрэлцэн ирсэн байна.

Умард Солонгосын агаарын тээврийн “Эйр Корёо” компани ойн баярт оролцох гадаадын зочид, сэтгүүлчид болон жуулчдын ая тухыг хангах үүднээс Бээжин-Пхеньяны чиглэлийн нислэгийн тоогоо нэмэгдүүлжээ.

Пүрэв гарагт тус компани Пхеньян хот руу 14:00 цагт үйлддэг тогтмол нислэгээс гадна үд дунд болон оройны 19:00 цагт хоёр нэмэлт нислэг үйлдсэн байна.

Гадаадын зочдын нэрсийн жагсаалтад Монголын парламент дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга болон Японы Фукуока мужийн Япон-БНАСАУ-ын найрамдлын нийгэмлэгийн дарга нар байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг