Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 9 дэх удаагийн бүх нийтээр мод тарих өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 9 дүүрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор, Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд 970 байгууллагын 20 159 ажилтан, албан хаагчид 55 613 мод, 17 495 бут, сөөгийг шинээр тарьж, өмнө тарьсан мод бутаа арчлах, услах ажлыг зохион байгууллаа. Мөн энэ өдрүүдэд дүүрэг бүрд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгч ажилласан байна.

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан, Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аян явагдаж буй зэрэгтэй холбогдуулан нийслэлийн иргэдээ мод тарих байгалийн нөхцөл бүрдсэн тохиромжтой эдгээр өдрүүдэд ойр орчмын талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм. 

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.