Т.Саруул: Бүтэн цаг симфони хөгжим сонссон азтай моднуудаа Гүнжийн нүдэн нуурын эрэгт тарьсан

Х.Оргил
11 сарын 02, 2021

Эко соёл сангийн тэргүүн, хуульч Т.Саруултай ярилцлаа. Саяхан тус сан “Модны хайр” тоглолт зохион байгуулсан агаад “Нэг хашаа нэг мод” төслийнхөө хүрээнд Гүнжийн нүдэн нуурын орчимд эко бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

-Та бүхэн “Модны хайр” сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулсан. Үзэгчдийн суудалд мод заларсан нь содон байлаа. Яагаад модонд хайр зарлах болов?

- Сайхан хөгжим, ерөөл сонсоход бидэнд ямар гоё байдаг билээ. Үүнтэй адил нэг удаа ч болов хүн модонд сайхныг харуулж, сайныг мэдрүүлэхийг эрмэлзсэн санаа юм. Мод амьдралынхаа туршид хүмүүст хайр түгээдэг. Хайраа чимээгүй түгээдэг. Түүнийг нь олж хардаг хүн байна. 

Хардаггүй нь ч бий. Мод гоо үзэмжээрээ биднийг баясгаж, цэвэр агаар өгч, үр жимсээ харамгүй хайрладаг. 

Хүмүүс өгсөн бүхнийг нь авдаг мөртлөө буцаагаад модонд хүндэтгэл үзүүлдэг билүү.

Ялангуяа хотын мод, ургамал өгөөд байдаг, хариуд нь юм авдаггүй өрөвдөлтэй амь, чимээгүй хайрын эзэд юм. 

Тийм учраас нэг удаа ч болов модыг өөртэйгээ адилхан гэдгийг мэдрээч гэсэн санааг хүмүүст хүргэх гэсэн юм. Байгаль эх бүгдэд өөр өөрийн амьдрах орчин, чадвар заяасан. Харилцан хүндэтгэлтэй хандах учиртай. Сонгодог урлагийг хүн яаж хүлээж авдаг билээ. Мод амьд учраас яг л тэгж хүлээж авна. “Модны хайр” концертын гол зорилго ийм.

-Энэ санааг филармонийхон яаж хүлээж авав?

-Монгол Улсын Филармони гайхалтай хүлээж авсан. Эхлээд удирдаач Б.Батбаатарт санал тавьсан юм. Сонирхож сонсоод “Юутай ч удирдлагууддаа хэлье” гэсэн. Удалгүй тэд “Хүрээд ирээч, уулзъя” гэлээ. “Нэг хашаа, нэг мод” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил. “Олсон орлогынхоо тал хувийг Филармонид өгье. 

Энэ тоглолтыг ойлгож, мөнгө хандивлах хүн хэд байхыг мэдэхгүй байна. Магадгүй арван хүн, мянган хүн ч байж мэднэ гэсэн. Тэд дараа нь хариугаа хэлсэн л дээ.

“Филармони та нараас нэг ч төгрөг авахгүй. Хамтарч ажиллая, сайхан концерт тоглох бүх арга хэмжээг бид авья. Та нар модоо концертын танхимд авчирах, бусад ажлаа амжуул” гэсэн юм. Улсын филармонийн дарга С.Баттулга “Цаашид хамтарч ажиллая, Соёлын яам та бүхний санааг сонирхож байна” гэсэн. Маш их баярласан л даа.


-Хэдэн мод үзэгч болсон бэ?

- Филармони 250 хүний суудалтай. 200-гаад мод үзэгч болсон.


-Төдий тооны хүн хандив өргөсөн гэсэн үг үү?

-Энэ сарын 25-нд хандивын аян зогсч байгаа. Концерт маань 16-нд болсон л доо. Хандивын аян маань чамгүй амжилттай болсон. Бүх хандивлагч хүмүүс, байгууллагад маш их баярлалаа.

-Хандивыг юунд зориулах вэ?

-Энэ хандив Гүнжийн нүдэн нуурын эко бүтээн байгуулалтад хувь нэмэр болох юм. Мод үзэгчтэй өвөрмөц концерт цаг орчим үргэлжилсэн. 

Бүтэн цаг симфони хөгжим сонссон азтай моднуудаа Гүнжийн нүдэн нуурын эрэгт тарихад та өөрийн биеэр оролцож болно гэсэн саналыг хандивлагчдад тавьсан юм.

Жил бүр Монгол Улсын Филармонитой хамтраад Гүнжийн нүдэн нуурын эрэгт сонгодог хөгжмийн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Нуурынхаа эко бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд зохих хэмжээний төлбөртэй тоглоно. Гэхдээ анхны хандивлагч нараа үнэгүй урина гэсэн юм.

Концертын бүтэн бичлэгийг хандивлагчид маань хүлээж авна. Хандивлагчдын нэр, байгууллагын логог тавина. Манай билетийг авсан анхны хандивлагчид маань сэтгэл хангалуун үлдэх болов уу гэж найдаж байна.


-Анхны хандивлагч нь ямар хүн байв?

- Хандивлагчид маань бүгд анхных гэж тооцогдоно. Гэхдээ фэйсбүүкт зар тавихад нэг цагийн дотор Д.Ариунаа гээд найз маань анхны хандив хийсэн. Хүүхдэд зориулж үлгэр уншдаг, Буддын соёлоор дамжуулж хүмүүст ухаарлын мессеж өгдөг гайхалтай сайхан сэтгэлтэй эмэгтэй манай хандивын салхийг хагалсанд их бэлгэшээсэн шүү.


-Ерөнхийлөгч тэрбум мод тарья гээд байгаа. Харин бүр өмнө нь та “5000 мод тарина гэж амласан санагдаж байна. Ийм тооны мод тарьж чадсан уу?

-Бид “Нэг хашаа нэг мод” төслийнхөө хүрээнд 5000-10000 мод тарина гэсэн төсөөлөлтэй байсан л даа. Гурван удаагийн тарилтаар аль хэдийнэ 5000 модоо тарьсан. Энэ нэг удаагийн богино хугацааны төсөл биш. Гэр хорооллын нөхцөл байдал, эко орчин үүсгэнэ гээд бодоход дор хаяж арван жилийн ажил бий. Эхний ээлжинд 5000 мод тарих амлалтдаа аль хэдийнэ хүрсэн.


-Тарьсан модод чинь ургаж байгаа юу?

- “Нэг хашаа нэг мод” төсөл Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн дэмжлэгтэйгээр 1,5 жилийн хугацаанд хэрэгжих юм. Бид энэ төслөө чадлынхаа хэрээр хэрэгжүүлсэн, модоо ургуулахаар зүтгэсэн. Бас ч гайгүй шүү. ШХА-аас энэ төслийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Төслийн нээлт хийж, хамгийн олон мод тарьсан газар маань Самъяа хийд. Энд мянган хайлаас, 50 улиас тарьсан юм. Мод тарьсан хэсэгт ухахад л хог гарч байсан, үржил шимгүй, гэр хорооллын айлуудын хөрсний бохирдол нэвчсэн газар байв. Тэнд мянган хайлаас тарихад 60 хувьтай ургасан. 

Мод авсан газар маань ургаагүй модны оронд нөхөж тарих хайлаас өгнө гэсэн. 50 улиаснаас тав, зургаагаас бусад нь ургасан. 

Тамтаггүй хүнд нөхцөлтэй, шороо бужигнаж байдаг газар. Ямар ч байсан тэр хавийг ногооруулах хэмжээнд хөөрхөн ургасан. 

Гэр хороололд байдаг цэцэрлэг, сургууль, албан газрууд, айлын хашаа, гудамжинд тарьсан модод маань дажгүй сайхан ургасан. Баянхошууны хөтөл дээр бага сургууль, цэцэрлэгийн комплекс дээр мод тарьсан. Багш, ажилчид нь үнэхээр сэтгэлтэй хүмүүс. Гэр хорооллын хэсэг газрыг чөлөөлж байгуулсан сургууль болохоор мод тарих талбайгүй мөртлөө боломжтой бүх газрыг ашиглаж тарьсан юм. Чадлаараа ургуулахаар чармайж байхыг харахад урамтай байсан.

-Ингэхэд тарих модоо хаанаас авдаг вэ. Зарим судлаачид хотын орчинд үрслүүлсэн мод сайн ургах чадвартай гэдэг?

-Моднуудынхаа 80 хувийг “Төгөл” цэцэрлэгжүүлэлтийн компаниас авсан. Дамбадаржаад байдаг, социализмын үеэс модны аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж ирсэн Сугарсүрэн гэж эгч бий. Тэндээс авсан. Бид анх модны төслөө эхлүүлэх гэж байхдаа туршлага судлахаар нэг сая мод тарих зорилго тавьсан “Миний Клуб”-ын үүсгэн байгуулагч ТИС-ийн профессор Д.Сэрдарамтай уулзсан юм. Тэд бас “Төгөл” үржүүлгээс мод авдаг байсан тул модны чанарт эргэлзээгүй. Үрсэлгээ, суулгацын том талбайтай, олон төрлийн модтой юм билээ.


-Гэр хороололд мод тарьж байгаа хүний хувьд тэрбум мод тарина гэсэн Ерөнхийлөгчийн амлалтыг яаж хүлээж авсан бэ, хэр бодитой санагдав?

-Яг үнэндээ баяртайгаар хүлээж авсан. Мод тарих ажлыг төр бодлогын хэмжээнд авч үзнэ гэдэг маш том алхам. Өмнө нь иргэд, иргэний нийгмийнхэн энд тэнд жижиг төсөл хэрэгжүүлж, янз бүрээр үздэг байсан. Том зорилго тавиад нийтээрээ оролцоно гэдэг маш том алхам. Тэрбумаар биш ч талыг нь тариад ургуулсан ч том амжилт. Гэр хороололд олон мод тариасай.


-Та бүхэн гэр хороололд мод тарихаар зорьсон шүү дээ. Энэ бүхний дараа гэр хорооллын орчин ногоорох боломжтой гэж үзэж байна уу?

-Гэр хороолол ногоорох ёстой гэж үздэг. Ингэж чадахгүй бол Улаанбаатарын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй. Нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлчүүд маань агаар, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах эсэхийг тэр хүмүүс тодорхойлдог. Хөрсний бохирдлоо шийдэхгүй бол болохгүй юм байна шүү гэсэн сэтгэлгээтэй хүмүүс нэмэгдсээр байна. 

Аливаа зүйл соёлын хэмжээнд хүний оюунд суусан байхад хэнээр ч хэлүүлэлтгүй, бусдын шахалтгүйгээр аяндаа хуулийн хэм хэмжээний адил хэрэгжүүлдэг.

“Эко соёл сан” байгаль орчинд ээлтэй байх соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Ер нь монголчууд бид экологийн өндөр соёлтой ард түмэн байсан. Одоо энэ соёлоо сэргээхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал байна.


-Цагаан давааны хогийн цэгийн орчимд амьдардаг хүмүүс мод тарихаар болсон гэсэн. Тэд өөрчлөгдсөн болов уу?

- Хог түүдэг хүмүүсийн хүүхдүүдийг сургадаг “Хөгжлийн хэлхээ” төрийн бус байгууллагын хүүхдийн төвөөр үйлчлүүлдэг хүүхдүүд, гэрийнхэн нь мод тарьсан. Модоо сайн ургуулсан айлууд ч бий. “Үнэхээр ургуулж чадаагүй, усалж чадаагүй үхүүлсэн” гэсэн хүн ч таарсан. Ундны усаа авч дийлэхгүй байгаа зарим өрхийн хувьд модонд ус илүүчлэх хэцүү л дээ. 

Бас ковид, хөл хорионоос болоод хүмүүсийн боломж нөхцөл тааруу, бидний төлөвлөсөн ажил хэрэгжихэд бас амаргүй л байна. Жишээ нь байгууллагууд, эко хөршүүд болж байгаа айлуудад газар дээр нь хийх сургалтуудаа ихэнхдээ онлайнаар хийхэд хүрсэн.

-Эко хөршүүд гэдэг сонирхолтой санагдлаа. Орон сууцанд оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоонд нэгддэг бол гэр хорооллынхон бас эко хөршүүд байх боломжтой гээд та хуульчийн хувьд сонирхолтой санаа дэвшүүлсэн шүү дээ. Гэр хорооллынхон энэ санааг чинь дэмжиж байгаа болов уу?

- Энэ санааг иргэдтэй ярьж үзсэн. Гурван ч хорооны Засаг даргатай ярилцсан. “Сайхан санаа байна. Эрх зүйн зохицуулалт үнэхээр шаардлагатай юм байна” гэж тэд хэлсэн. Тэгш хөгжих боломжийг төр иргэддээ олгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг тэгш хангах нь төрийн үүрэг. Гэтэл орон сууцны хорооллын ба гэр хорооллын нөхцөл асар ялгаатай байгаа. Энэ байдлыг арилгахын тулд эрх зүйн шийдэл, гаргалгааг олох хэрэгтэй. 

Сууц өмчлөгчдийн холбоо эрх зүйн зохицуулалттай. Гэр хороололд “Хашаа өмчлөгчдийн холбоо” гэдэг ч юмуу ямар ч байсан гэр хорооллын оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалсан холбоотой, тусгайлсан хуультай байх маш чухал. Гэр хорооллын иргэдийн эрх ашиг тал бүрээр зөрчигддөг шүү дээ. 

Дахин төлөвлөлт хийхэд “Хашааныхаа газрыг үнэлээд нүүцгээ” гэдэг. Гэтэл яг үнэндээ хашаа хоорондын гудамжны газар үнэлгээнд ордоггүй. Тэр хэсэг барилгын компани, төсөл хэрэгжүүлэгчдийн ашигт тооцогддог. Холбоонд нэгдэх нь гэр хорооллын оршин суугчдад маш ач холбогдолтой. 

Хөршүүд гудамжаараа хамтарч орчноо тохижуулж байж, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нь нэмэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ өснө.

Дахин төлөвлөлтөд орсон ч “Манай хашаа өмчлөгчдийн холбооны газар ийм тохижилттой. Бид ийм ийм хөрөнгө оруулсан. Үүнийгээ үнэлнэ” гэх боломжтой. Орон сууцны хорооллын гудамж талбайг төрөөс, нийслэлээс санхүүжүүлж гэрэлтэй, замтай, тоглоомын талбайтай байдаг бол гэр хороололд амьдардаг иргэдэд ч ийм боломж олгох ёстой. Ингэж байж иргэддээ тэгш хандах төрийн бодлого хэрэгжинэ. Эрх зүйн зохицуулалт, орчин нь байхгүй бол хэрэгжих боломжгүй. Гэр хорооллын нөхцөл байдлыг сайжруулахын тулд ийм шинэ хуулийн төсөл санаачлах ёстой гэж би үздэг. Гүнжийн нүдэн нуур орчмыг жишиг болгож ажиллая гэж бодож байна.


-Гүнжийн нүдэн нуурыг яаж олсон бэ?

-”Нэг хашаа, нэг мод” төслийн ажлаар гэр хорооллын гудамжуудаар явж байхдаа энэ нуурыг олж харсан.

-Та Гүнжийн нүдэн нуурын орчимд нийслэлийн жишиг гэр хороолол, эко бүс бий болгоно гэсэн. Эко, жишиг гэдгийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Гүнжийн нүдэн нуур гэр хороолол дунд байдаг. Гэр хорооллынхон хамтдаа ямар сайхан амьдарч болохыг харуулвал бусад нь ч үлгэр жишээ авах байх гэж найдаж байна. Судалгаа хийдэг, хүмүүст бодит зөвлөгөө өгдөг орчинг бий болгохоор мөрөөдөж байгаа. Өвөлдөө агаар бохирдуулахгүйгээр дулаанаа хангадаг, жорлонгийн асуудал нь шийдэгдсэн байхаар төсөөлж байна. Гүнжийн нуурыг судлах хэрэгтэй байна. Улаанбаатарт байгаа цорын ганц байгалийн тогтоцтой нуур гэдэг. Ойр орчмын хүмүүс нь нуурандаа хайртай болж байна. Өмнө нь нуур руу хогоо хийдэг, өмхий нуур гэж нэрлэгдэх үе ч байсан. Орчин нь сайхан бол хүмүүс улам л гоё болгох гэж хичээдэг юм билээ. 

Тэнд ургамал судлаач, замаг судлаач, нуур судлаач, шувуу судлаач аваачиж үзүүлсэн юм. Зарим судлаач хэлэхдээ нуурын хамгаалалтын ажлыг хийхдээ шинжлэх ухааны үндэстэй хандаагүй, нуурын хөрстэйгээ харьцдаг хэсгийг цементэлж, явган хүний зам тавьсан байна гэсэн.

 Гэтэл нуур орчмынхоо хөрс, ургамал, хорхой шавьж, чулуу мод энэ бүхэнтэй харьцаж байж өөрийгөө цэвэршүүлэх боломж нь нэмэгддэг юм байна. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч бас анхаарч байгаа юм билээ. Б.Жаргалмаа гишүүн мод тарих үеэр ирсэн л дээ. “Нуурын усыг цэвэршүүлэх мөнгө төсөвт суулгасан” гэж ярьсан. Иймэрхүү ажлуудаа нэгтгээд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд хамтарвал амжилтанд хүрч болохоор байгаа юм.


-Эко соёл сан, СХД-ийн VIII хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан гэсэн. Оршин суугчид яаж хүлээж авч байгаа вэ?

-Засаг дарга Х.Эрдэнэтуяа баяртайгаар хүлээж авсан. Төсвөөс хөрөнгө гаргаад, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж эхэлсэн байсан. Гэхдээ тэр хүмүүсийн гэрээ нь дуусаад, цаашид яах вэ гэж байх үед нь манай Эко соёл сангийнхан хорооны Засаг даргатай уулзсан байгаа юм. Манай Эко соёл сангийнхан ч хөрс, агаар, усны бохирдлыг шийдвэрлэхэд хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах гол зорилго маань нэг цэгт төвлөрөн хэрэгжих боломж гарсанд сэтгэл хангалуун байгаа.


-Гүнжийн нүдэн нуур гэж яагаад нэрлэх болсон юм бол. Гүнжтэй ямар холбоотой вэ?

-Хүмүүс янз бүрээр ярьж байна. Бас Алтанхундага гэдэг нэртэй ч байсан гэнэ. Маршал Х.Чойбалсан энэ хавьд зусдаг байсан. Адуутай хүмүүс гүү барьдаг байсан ч гэдэг. Ингээд бодохоор энэ нуурын усаар хүн, мал ундаалдаг байж. Тэр байтугай энэ нуурыг тойроод долоон жижигхэн цөөрөм байсан гэх юм билээ. Манжийн хааны гүнж Монголд богтлогдож ирээд, нутаг усаа санаад жижигхэн тойрмын усан дээр ирж, уйлж суусаар нулимс нь нуур болсон гэсэн домог яриа ч явдаг. Нуурын дэргэд орос хос бас олон жил амьдарсан гэнэ. Нууранд сэлж байгаад эрсдэх шахсан олон хүний амийг тэр орос аварсан гэдэг. Түүхийг нь судалбал олон сонирхолтой зүйлс гарч ирэхээр юм билээ.

Б.Янжмаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.