“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ны Тохируулгын албаны дарга А.Эрбараас нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар тодрууллаа

-Нийслэлийг дулаанаар хангах өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?

Өвөлжилтийн бэлтгэл өнөөдрийн байдлаар 85 хувийн явцтай байна. Есдүгээр сарын 10-нд нийслэлийг дулаанаар хангахад бэлэн болж, 15-нд дулаанаа түгээгээд эхэлнэ.

-Нийслэлийнхний хэчнээн хувь нь дулаанд холбогдсон байдаг вэ?                                        

-Төвлөрсөн дулаан хангамжийн систем буюу ДЦС-2, 3, 4, Амгалан дулааны станцаас хотын төвийг хангаж байна.  Хотын хамгийн урд хэсгийн төгсгөлийн хэрэглэгч нь Нисэх, Зайсан орчим, баруун хэсэгт Цэргийн хотхон, зүүн хэсэгт хуучнаар Цагдаагийн академи, хойд хэсэгт Дэнжийн 1000, 100-н айл орчмын төгсгөлийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж байна. Өөрөөр хэлбэл нийслэл хотын 45 орчим хувь нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдож дулаан эрчим хүчээр хангагдаж байна. Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд  төвлөрсөн дулаан хангамжийн хүрээг тэлэх, гэр хорооллыг барилгажуулах, бага чадлын халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаан хангамжинд  холбох ажлуудыг сүүлийн жилүүдэд зохион байгуулсаар ирсэн. 

-Улаанбаатарын хувьд дулаан асуудал дагуулсаар ирсэн. Энэ жилийн нөхцөл байдал хэр байна?

-2 жилийн өмнө дулааны эх үүсвэрийн дутагдалтай,  хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголддог байсан. Харин 2015 онд Амгалан дулаан станц ашиглалтад орсноор уг асуудал шийдэгдсэн. Бид боломжтой хэсгүүдэд барилгуудын төвлөрсөн дулаан хангамжинд холбох бодлого баримтлан ажиллаж байна.

-Газар доорх байгууламжийн зохион байгуулалт нь замбараагаа алдсан гэж шүүмжлэл дагуулдаг. Энэ тал дээр тулгамдаж буй асуудал?

-Дулаан шугам сүлжээний хувьд газар доорх шугам сүлжээ норм стандартын дагуу баригдаж ашиглагдаж байгаа. Харин газар дээрх барилга байгууламжууд замбараагүй баригдсанаас үүдэж шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчих, шугам дээр барилга барих асуудал нэлээд гарч байна. Бид энэ асуудалд хотын захиргаатай хамтран нэлээд ажлуудыг зохион байгуулж байгаа.