Буяндэлгэрийн Мөнхчимэг
03 сарын 30, 2021
Нийслэлийн хүн амын 51 хувь, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна
Гэвч НИТХ-ын 45 төлөөлөгчөөс ердөө найм нь л эмэгтэй төлөөлөгч сонгогджээ. Тиймд эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр “Эмэгтэйчүүдийн зөвлөл байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүч, оролцоо туйлын чухал. Цаг үеэ зөв мэдэрч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийг богино хугацаанд байгуулсанд баяр хүргэе. Нийгэмд тулгамдсан олон асуудал байгаа. Та бүхэн санал, санаачилга гаргаж, манлайлж ажиллаарай. Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтран ажиллах талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Мөн гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг онцолсон.
НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Бид нийслэлд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, шинжлэх ухаанчаар ажиллахаар төлөвлөсөн. Ямар нэг улс төрийн нам үл харгалзан, эмэгтэйчүүдийнхээ төлөө зүтгэнэ” хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.