Ажилчид аз жаргалтай байх үедээ 13 хувиар илүү үр бүтээмжтэй ажилладаг

Н.Жавхлан
11 сарын 11, 2024

… Бид амьдрахын тулд ажил хийдэг ч үүнийгээ дарамт мэт хүлээн авах нь байж боломгүй зүйл юм. 

Судалгаагаар хүмүүс амьдралынхаа гуравны нэгийг ажлын байран дээрээ өнгөрөөдөг байна.

Иймд хийж буй ажил минь бидний амьдралын нэгээхэн хэсэг байх ёстой. 

Оксфордын их сургуулийн Саид бизнесийн сургууль болон Британийн үндэстэн дамнасан харилцаа холбооны ВТ фирм нар хамтран судалгаа хийжээ. Уг судалгаагаар аз жаргал ба бүтээмжийн хооронд тодорхой нэг холбоо байгааг олж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, ажилчид аз жаргалтай байх үедээ 13 хувиар илүү үр бүтээмжтэй ажилладаг байна. 

Тэгвэл та ажил дээрээ аз жаргалтай байж чаддаг уу? Хэрэв үгүй гэж бодож байвал таныг аз жаргалтай болоход туслах зөвлөгөөг хүргэе. 

Ажил дээрээ найзтай болоорой

Хэрэв ажил дээрээ сайн найзтай байвал ажилтны аз жаргалын түвшин 50 хувиар нэмэгддэг байна. 

Найзтайгаа ярилцах үед хүний сэтгэл зүй тогтворжин хамгаалагдсан мэдрэмж авдаг. Ингэснээр хийх ажил хэдий хүнд байсан ч сэтгэлзүй тогтвортой үед ямар ч ажлыг бүтээмжтэй хийж чадах юм. 

Тасралтгүй суралцахаа битгий мартаарай

Ур чадвараа дээшлүүлж буй ажилчдын өөртөө итгэх итгэл хэд дахин илүү байдаг. Өөртөө итгэлтэй ажилчдын бүтээмж нэмэгддэг бөгөөд ямар ч бэрхшээлийг хялбархан давах чадвартай болдог байна. 

Ажлынхаа мөн чанарыг ойлгоорой

Та энэ ажлыг чухам яагаад хийж байгаа, таны хийсэн ажлын үр дүн нийгэмд ямар нөлөө үзүүлж байгааг бүрэн ойлгох үед ажлаа илүү итгэлтэйгээр хийж чаддаг аж. 

Философич Кристин Гийчер өөрийн бүтээлдээ үүний тухайд, “Хүн ажлаа ойлгон аз жаргалтайгаар хийх, эсхүл ажлаа шийтгэл мэт хүлээн авж, ажлынхаа боол болж амьдрах эсэхээ өөрөө бүтээдэг” хэмээн бичжээ. 

Ажилтай байгаадаа талархаж сураарай

Хэдий мөрөөдлийн чинь ажил биш байсан ч одоо ажиллаж чадаж байгаадаа талархаж сураарай. 2017 онд хийсэн нэгэн судалгаагаар ажилчид ажилгүйчүүдээс илүү сэтгэл ханамжтай байсан бөгөөд жил ирэх тусам энэ үзүүлэлт нэмэгдсээр байгаа юм. Талархах нь аз жаргалыг үүсгэх нэгэн хүчин зүйл билээ.  

Ажлын өмнөх бэлтгэлээ сайн базаагаарай

Тухайн өдрийнхөө бэлтгэлийг хангах нь гэнэтийн төлөвлөгөөнд стресстэхгүй байхад тустай. Мөн өглөөний цайгаа тогтмол уух нь бодисын солилцоог эрчимжүүлж, өдрийн туршид эрч хүчтэй байлгадгийг эрдэмтэд нотолсон. Тиймээс аз жаргалтай ажилтан байхын тулд өглөөний цайгаа ууж хэвшээрэй

Багийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой

Сүүлийн үеийн ихэнх байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, тэдэнд зориулсан спортын болон сэтгэлзүйн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг болсон байна. Хэрэв танай байгууллага иймэрхүү арга хэмжээ зохион байгуулдаг бол та азтай ажилтан юм.

Өөрийгөө урамшуулаарай

Ажил чухал ч таны хичээсэн цаг хугацаа ч мөн үнэ цэнтэй гэдгийг санаарай. Тиймээс өөрийгөө хайрлаж, урамшуулах нь зөвхөн удирдлагуудын хийх зүйл биш юм.

Ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалаарай

Ажлын цагийн хязгаарыг тогтоож өөртөө болон хайртай дотны хүмүүстээ цаг гаргах нь ажил амьдралын тэнцвэрт байдлыг бий болгодог. Дуусгаагүй ажлаа гэртээ дуусгахын оронд өөртөө амрах зав гаргах нь ажлаасаа түүртэхгүй байх хамгийн чухал хүчин зүйл юм. 

Хийсэн ажлаа засварлах чухал гэдгийг санаарай

Зогсоо зайгүй ажлаа үргэлжлүүлэх биш цаг тутамд тав 5 минутын зайтай ажлаа хийх нь бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ. Нэг дор удаан суух нь эрч хүчгүй болгох эрсдэлтэй тул түр амсхийж дасгал хөдөлгөөн хийх, хөнгөхөн зууш идэх, найзтайгаа ярилцах гэх мэт хийх зүйл олон шүү. 

Эх сурвалж: efectio.com 




 



Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.