НДЕГ-ын  Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэл хариулж байна.

-Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм. Жишээлбэл 2019 онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг.

 -Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэж сонссон. Энэ үнэн үү?

Тийм. Гэхдээ хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш  хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм.