Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөөс нэг удаа төлөх хуулийн хэрэгжилтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтоос тодрууллаа.

- Тэтгэврийн зээлийг тэглэх ажил хэрэгжиж эхэлсэн үү?

- Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль УИХ-аар батлагдан мөрдөгдөж эхлээд байна. 

Тус хуулийн үйлчлэлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэд хамаарах бөгөөд тэдний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа хариуцан төлөх юм. 

Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын байгуулага нь арилжааны банкуудаас зээлтэй иргэдийн судалгааг авч, нийгмийн даатгалын мэдээллийн сантай тулгасны үндсэн дээр хуулийн үйлчлэлд хамаарах иргэдийн судалгааг гаргасан. Одоогийн байдлаар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлтэй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврээс суутгаж авсан зээлийн үндсэн төлбөрийг буцааж олгуулаад байна. Мөн хоёрдугаар сарын тэтгэврээс зээл, зээлийн хүү суутгалгүй бүрэн олгосон.


- Хуулийн үйлчлэлд хамаарах гэдгийг тодруулахгүй юу?

-Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарна. Түүнчлэн нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм. Харин тэтгэвэр авагч уг өдрөөс өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.


- Тэтгэврийн зээлийг тэглэхдээ ямар нөхцөлүүд тавьж байна вэ?

-Иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлавал, Нэгдүгээрт 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ. Хоёрдугаарт 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө. Гуравдугаарт нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүнд бондын эрхийн бичиг олгоно. Дөрөвдүгээрт тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор тус тус зохицуулсан.


- Танай байгууллага судалгаа тооцоолол хийсэн гэлээ. Тэгвэл дээрх нөхцөлүүдэд тус бүр хичнээн хүн хамрагдах нь тодорхой болсон байх?

-Банкуудтай тооцоо нийлсэн дүнгээс үзэхэд нийтдээ 228.7 мянган иргэн 757.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Үүнээс 6 саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй 21 мянган иргэн, 6 сая хүртэлх тэтгэврийн зээлтэй 207.5 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн зээлийг тэглэхэд нийт 696.0 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Харин огт зээлгүй 194.0 мянган тэтгэвэр авагч байгаа.


- Зээлийн үлдэгдэлтэй байгаа хүмүүс хаана хандах вэ? Эсрэгээрээ огт зээлгүй байсан хүмүүс бондын эрхийн бичгээ хаанаас авах вэ?

-Манай байгууллагаас дээрх тооцооллыг "Эрдэнэс Монгол" ХХК руу хүргүүлэхээр бэлтгэж байна. Үүнд үндэслэж тус компаниас үнэт цаас гарган, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлэх ба иргэдэд түгээх ажлыг манай байгууллага хариуцах юм. Харин зээлийн үлдэгдэлтэй буюу 6 саяас дээш  тэтгэврийн зээлтэй байсан иргэд үйлчлүүлдэг банкин дээрээ очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай.



Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар