Алтны татварын 2.5 хувиар тогтоох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Х.Оргил
03 сарын 21, 2019

Засгийн газраас өнгөрсөн сард алтанд ногдуулж буй Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Нэлээн хэдэн сар хойшилж байж өчигдөр уг асуудлаар хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлд тусгаснаар алтны татварын хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2019-2024 он хүртэл таван жилээр сунгахыг дэмжсэн байна.

Алтны нөөц ашигласны төлбөр өндөр байснаар хууль бус наймаа газар авах эрсдэлтэй гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тайлбарласан юм.

Тэрбээр "Бид алтны татвараа үүнээс доош хэмжээнд байлгаж байж Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ. Хил гаалийн хяналтаа сайжруулаагүй байж алтны татвараа нэмбэл бид өмнөх үеийн эрсдэлээ дахин үүрч, олборлосон алтаа хууль бусаар алдаад дуусна. Татвараас зугтах зорилгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод гаргахад л урсаад өнгөрнө. Тиймээс Монгол Улсаас олборлосон алтаа Монголбанкинд тушаах ёстой гэсэн бодлого баримтлах нь зөв" гэсэн байр суурь дээрээ байгаа гэв.

УИХ-аас 2014 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу алтанд 2.5 хувийн рояалти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж эхэлсэн байдаг. Уг хуулийн “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэх заалтын үйлчлэл энэ оны нэгдүгээр 1-нээр дуусгавар болсон.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны эхний гурван сард Монголбанк 1.7 тонн алт худалдан авсан бол 2019 он гарснаас хойш ердөө 336 кг-ыг худалдан аваад байгаа аж.

Монголбанкны дүн мэдээгээс харахад сүүлийн 30-аад жилийн алтны тушаалтад дүн шинжилгээ хийгээд үзэхэд, татварын хувь хэмжээтэй шууд холбоотой байдаг.

Холбоотой сэдвүүд

алт татвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.