Монголбанкнаас зарлаж буй ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2,618 төгрөг байна.

Өнгөрсөн жилийн өдийд доллар 2443 төгрөг байсан бөгөөд 4 дүгээр сард хамгийн бага ханш буюу 2394 төгрөгт хүрсэн юм.

Огцом өсөлт нь сүүлийн хоёр сарын дотор үргэлжилсэн. Гэхдээ валютын ханшийн өсөлт Монголд л нүүрлээд байгаа зүйл биш. АНУ-ын худалдааны дайн зэрэг  олон хүчин зүйлс нөлөөлж 2018 онд дэлхийн 170 гаруй орноос 84 орных нь мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг 4-өөс дээш хувиар суларсан байна.

Монголбанкнаас он гарснаас хойш 813 сая ам.долларыг дотоодын валютын захад дуудлага худалдаагаар нийлүүлсэн. Ийм хэмжээний валют нийлүүлсээр байхад ханшийн дарамт буурахгүй байна гэдэг нь манай эдийн засгийн хувьд бүтэц нь буруу байна гэсэн үг гэдгийг эдийн засагчид дүгнэж буй.

Мөн "Эдийн засгийн суурь бүтэц, бүтээмжинд анхаарахгүйгээр, банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхгүйгээр, хоног хоногоор өөрчлөгдөх долларын ханшийн хөдөлгөөнд хэт их ач холбогдол өгөх нь явц муутай арга. Мөнгөний нийлүүлт нь урт хугацаандаа бодит нөлөөгүй" гэдгийг АНУ-ын “Journal of Labor Research ” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Лхагвасүрэн хэлэв.

Энэ талаар Монголбанкны Дотоод аудитын газрын захирал Д.Аюуш тайлбарлахдаа "Онолын дагуу ханш инфляц хоёрыг зэрэг барихын тулд хөрөнгийн урсгалыг хязгаарлах хэрэгтэй эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгавал инфляц, ханш хоёрын аль нэг нь зах зээлийн зарчимаар тогтоно. Монгол Улсын хувьд ханшийг эдийн засгийн үзүүлэлтүүдтэй нийцтэйгээр тогтоон, хөрөнгийн урсгалыг нээлттэй байлгах сонголтыг аль хэдий нь хийсэн орон.  Төв банкны тухай хуулийн 22 дугаар зүйлд “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж томьёолсон.1990 оноос хойш ханш хөдлөхөөр л Монголбанк ханшаа барь гэж шахаж ирсэн. Гэтэл ханшийг Монголбанк интервенц хийгээд барьдаггүй. Харин ч сөрөг үр дагаварт хүрдгийг нийтээрээ өнөөдөр амсаад сууж байгаа. Ханшийн бодлогод Засгийн газар болон Төв банкны хамтын бодлого ажиллагаа маш чухал" гэв.