ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын агаарын тээврийн “American Airlines” компани жилийн орлогын урьдчилсан таамаглалаа бууруулсан байна. Үүний шалтгааныг “Boeing 737 Max” загварын нисэх онгоцнуудыг нислэгт гаргахгүй байгаатай холбон тайлбарлажээ.

Тус компани нь “737 Max” загварын 24 нисэх онгоцоор үйлдэх 15 мянган нислэгээ ирэх наймдугаар сарын дунд үе хүртэл цуцалсан нь 350 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зардал учруулах төлөвтэй байгаа ажээ. 

Boeing 737 Max” загварын хоёр нисэх онгоц тав хүрэхгүй сарын хугацаанд осолдож, 346 хүн амиа алдсантай холбогдуулан дэлхийн агаарын тээврийн компаниуд уг нисэх онгоцоор нислэг үйлдэхээ тур хугацаагаар зогсоогоод байгаа юм. Boeing” компанийн мэргэжилтнүүд уг загварын нисэх онгоцны шүүмжлэл дагуулаад буй системд зориулан шинэ программ хангамж бүтээхээр ажиллаж байна.


Ташрамд дурдахад, "737 Max” загварын нисэх онгоцонд шинэчлэл хийгдэж дуусахаас үл хамааран аялал жуулчлалын оргил улирлын үеэр үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор наймдугаар сарын дунд үе хүртэл уг онгоцоор нислэг үйлдэхгүй гэж American Airlines” компани мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг