Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн 200 цэргийн албан хаагчдын шарилыг Умард Солонгос АНУ-д шилжүүлэн өгсөн тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Америкийн 7700 орчим цэргийн албан хаагч ор сураггүй алга болжээ. Умард Солонгост Америкийн 200 цэргийн албан хаагчдын шарил байгааг тус улсын төлөөлөгчид өмнө нь мэдэгдэж байсан юм.

Д.Трамп болон Ким Жөн Ун нарын энэ сарын 12-нд Сингапурт болсон түүхэн уулзалт үр дүнтэй болсныг нотлох хамтарсан мэдэгдэлд дөрвөн асуудлыг чухалчлан тусгасны нэг нь Солонгосын дайны үеэр олзлогдсон болон сураггүй алга болсон цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгөх байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг