АН-ын дотоод байдал өнөөдөр хорт хавдрын хэмжээнд хүрсэн

Peak.mn
11 сарын 14, 2026

Ардчилсан намын Онц их хурал өнөөдөр болж байна. Хурлаас “Их эвсэл” хөдөлгөөн байгуулж, Ерөнхий зохицуулагчаар Б.Хурцыг дийлэнх олонхийн саналаар сонголоо.

Б.Хурц хэлэхдээ, тус хөдөлгөөн нь дөрөвдүгээр сараас хойш АН-ын удирдлагад тавьж ирсэн шаардлагыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ намын дотоод эв нэгдэл, гишүүдийн оролцооны асуудлыг шийдэх зорилготой гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр, “Дөрөвдүгээр сараас хойш бид намын удирдлагад тодорхой шаардлага тавьсан. Гэхдээ өнөөдөр зөвхөн шаардлага яриад суух үе өнгөрсөн. АН доторх ардчилал, эв нэгдлээ сэргээхгүй бол энэ нам нам байхаа болилоо.

Нэг талд Ардын нам өдөр бүр АН-д улс төрийн бэлэг барьж байхад, нөгөө талд манай намын удирдлага таг чиг байна. Үүнд залуус маш их бухимдалтай байгаа. Тиймээс хурлаа яаралтай хийж, асуудлаа дотроо ил тод ярилцах ёстой.

АН-ын дотоод байдал өнөөдөр хорт хавдрын хэмжээнд хүрсэн. Хорт хавдрыг яаж эмчилдэг билээ? Тайрах уу, химийн эмчилгээ хийх үү гэдгээ шийдэх л хэрэгтэй. Энэ хэвээр үргэлжилбэл нам олон хэсэгт хуваагдаж, эцэст нь жирийн гишүүд, иргэд л хохирно.

1350 хүний багтаамжтай танхимд гишүүд багтахгүй, шалан дээр суутлаа ирж байна. Хүмүүс ярихыг, сонсохыг, шийдэл гаргахыг хүсэж байна. Гэтэл фракц нэртэй, эдийн засгийн сонирхлоор нэгдсэн цөөн бүлэглэл АН-ыг хувааж, гишүүдийг хооронд нь уулзуулдаггүй, ярилцуулдаггүй, мэдээлэл солилцуулахгүй байна.

Бидний зорилго тодорхой: намаа нэгтгэнэ. Жирийн гишүүд нэгдэж, эхний ээлжид намынхаа удирдлагад хариуцлага тооцно.” гэлээ.

Холбоотой сэдвүүд

улс төр хурц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.