Ангела Меркель 2021 онд болох Германы канцлерын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ.

“2021 оны сонгуульд би ХБНГУ-ын Канцлерын хувиар эсвэл депутатын хувиар нэрээ дэвшүүлэхгүй бөгөөд мөн улс төрийн бусад албан тушаалын төлөө өрсөлдөхгүй” гэж Ангела Меркель Берлин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Тэрбээр мөн 12 дугаар сард болох Христийн Ардчилсан холбоо /ХАХ/ намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Меркелийн хэлснээр, тэрбээр тус намын тэргүүний суудлаас бүр зун огцрохоор төлөвлөж байсан байна.

ХАХ намын даргын суудлын төлөө тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Аннегрет Крамп-Карренбауэр, Германы Эрүүл мэндийн сайд Меркель Йенс Шпан нар өрсөлдөхөө хэдийнэ мэдэгджээ. Меркель мөн “залгамжлагчийнхаа талаарх аливаа хэлэлцүүлэгт нөлөөлөхийг” хүсэхгүй байгаа гэдгээ цохон тэмдэглээд үүссэн нөхцөл байдлыг “тус улсад 18 жил болж байгаагүй ардчиллын чухал мөч” гэж харж буйгаа хэлсэн байна.

Ангела Меркель ХАХ намыг 2000 оноос хойш даргалж байгаа бол 2005 оноос хойш Германы Засгийн газрыг тэргүүлж байгаа билээ. Тэрбээр ийнхүү албан тушаалаасаа татгалзсан нь Канцлерын суудлаас Меркелийг өөрчлөх эрхийн төлөөх нам доторх сунгаа эхэлснийг харуулж байгаа аж. Меркель өнгөрсөн гуравдугаар сард дөрөв дэх удаагаа энэ суудалд дахин сонгогдсон бөгөөд 2021 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусна.

“Bild” сонинд мэдээлснээр, Германы Канцлерын гаргасан шийдвэр нь ХАХ нам Хессен мужид болсон сонгуульд олон тооны санал алдсантай холбоотой байна. Урьдчилсан дүнгээр, ХАХ нам сонгогчдын 27 хувийн санал авсан бол Германы Социал-Демократ нам 19,8 хувь, “Ногоон нам” 19,8 хувь, Чөлөөт ардчилсан нам 7,5 хувь “Зүүний нам” 6,3 хувийн саналыг тус тус авчээ.

Консервативчуудын хямрал

Ангела Меркель тэргүүтэй Христийн Ардчилсан болон Христийн Социаль холбоо консерватив эвслийн нэр хүнд өнгөрсөн есдүгээр сард хамгийн доод түвшинд буюу 28 хувьд хүрч унасан байна. Үүнээс гадна, өнгөрсөн оны сонгуулийн дараа бундестагт улс төрийн тогтворгүй байдал ажиглагдах болжээ.

Уламжлалт эрх баригч нам хагас жил өнгөрсний дараа Засгийн газраа байгуулсан боловч олон нийтийн санал асуулга болон Бавари мужид болсон 10 дугаар сарын сонгууль тус эвсэл дэмжлэгээ алдаж байгааг юуны өмнө Германы Социал  ардчилсан намын /ГСАН/ дэмжлэгийг алдаж байгааг харуулжээ.

ГСАН-ын ХАХ болон ХСХ-той байгуулсан эвсэл удахгүй задарч магадгүй тухай Германы хэвлэлүүдэд байнга бичих болжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti