АНУ-ын Сенатын танхимын гишүүд болон үйлдвэрчний эвлэлийн холбоодын эсэргүүцлийг үл харгалзан “Boeing 737 Max”загварын онгоцны нислэгийг зогсоохгүй гэж тус улсын Холбооны нисэхийн удирдах газраас/ХНУГ/ мэдээлэв.

ХНУГ-ын мэдээлснээр, нисэх онгоцонд шалгалт хийхэд системийн гүйцэтгэлийн доголдол гараагүй ба уг нисэх онгоцнуудын нислэгийг зогсоох үндэслэл байхгүй ажээ.

Өнгөрсөн ням гарагт “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан нь сүүлийн таван сард уг загварын нисэх онгоц осолдож, олон хүний амь эрсэдсэн хоёр дахь тохиолдол болсон юм.

Дээрх осолтой холбогдуулан Их Британи, Канад, Европын Холбоо болон Австрали зэрэг орон “Boeing 737 Max” загварын онгоцоор нислэг хийхийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Бүгд Найрамдах намын сенатч Тед Круз хэлэхдээ, ХНУГ-аас нисэх онгоц болон зорчигчдын аюулгүй байдлыг баталгаажуулах хүртэл “Boeing 737 Max” загварын онгоцнуудын нислэгийг зогсоох нь оновчтой шийдвэр болно гэжээ.

Ардчилсан намын сенатч Эдвард Марки болон Ричард Блюменталь нарын ХНУГ-т илгээсэн захидалд, “Boeing 737 Max” загварын онгоцнуудаар нислэг хийхийг түр хугацаагаар зогсоохыг хүссэн байжээ.

“ХНУГ-ын удирдагууд дэлхийн бусад улс орны шийдвэрийг нэн даруй дагаж, уг нисэх онгоцнуудыг нисгэхгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй" гэж ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөхөөр төлөвлөж буй Элизабет Уоррен мэдэгдсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC