АНУ-д аяллаар очсон 300 гаруй монгол хүн гацаж, яахаа мэдэхгүй хүндхэн нөхцөлд ороод байна. Тэдний нэг Б.Жангараас тодруулга авлаа. Тэрбээр 1 дүгээр сарын 22-ноос 2 дугаар сарын 6-ныг дуустал аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор Лос Анжелосыг зорьжээ. Гэсэн хэдий ч хүлээлгэнд 2 сарыг өнгөрүүлээд байна.


-АНУ-д коронавирусийн халдвар эрчимтэй тархаж Итали, БНХАУ-ыг давчихлаа. Бодит нөхцөл байдал ямар байна вэ?

-Америкийн Нэгдсэн Улс коронавирусийн халдвар авсан хүний тоогоороо тэргүүлээд эхэлчихлээ. Муж болгон уг вирусийн тархалтаас сэргийлж хөл хорио тогтоох өдрөө янз бүрээр тогтоож байна. Ерөнхийдөө үзвэр үйлчилгээний бүх газрууд хаагдсан, зарим мужид гэрээсээ нэг хүн гарах журам гаргасан. Нэг дор гурваас дээш хүн хамтдаа явах тохиолдолд торгуулж байна.


-Тэнд байгаа монголчуудын хувьд ямар хүндрэл бэрхшээлтэй учир байна вэ?

-Вирусийн улмаас хөл хорио тогтоосон нь аялал болоод албаны ажлаар ирсэн хүмүүст маш хүнд туссан. Ялангуяа АНУ-д суралцаж, ажиллаж амьдардаг иргэдийн хувьд ч том цохилт болсон. Мэдээж эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байна. 

Зарим хүмүүсийн АНУ-ын хилээр ороход дарагдсан хугацаа дуусаж байна. Энэ тохиолдолд 455ам.доллараар сунгуулах зэрэг бэрхшээл үүссэн. Энд ажиллаж амьдардаг хүмүүсийн хувьд ихэнх байгууллагууд хаалгаа барьчихсан учраас ихэвчлэн ажилгүй гэртээ хөл хорионд орсон. Заримыг нь ажлаас халж,  нөгөө хэсэг нь түр чөлөөлөгдсөн.

-Энэхүү вирусийн халдварын улмаас АНУ-д ази хүмүүсийг дээрэлхэх, гадуурхах болсон гэсэн. Үнэн үү?

-Бид энэ байдлаас болоод аль болох гэрээсээ гарахгүй байхыг хичээж байна. Энэ нь нэг талаараа өөрийгөө вирусээс болоод гадна халдлагаас хамгаалж байгаа хэрэг юм. Гэрээсээ 6 хоногийн өмнө гарч хоол хүнсээ базаасан. Нэг гарахдаа 7 хоногийн хүнс авдаг.

-Тухайлбал хэрхэн гадуурхдаг вэ?

-Гадууралт хамгийн энгийн үйлдлээс эхэлж байна. Жишээ нь цахилгаан шатанд таарахад шууд зөрж буух, нэг зам дээр явж байгаа бол холуур тойрч явдаг.  Дэлгүүрт дугаарлаад зогсож байсан амны хаалттай Монгол охин руу дайрч, хараах энгэрээрээ амаа дарж хараасан, мөн хол бай гэж гартаа барьсан зүйл рүү нь цохиж унагаах зэрэг зүйлсүүд болж байна. 

Мөн Сан Франциско хотод ази хүн буудуулсан хэргүүд ар араасаа гарсан. Энэ бол арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж дарамтлуулж, амь насаа алдаж байгаа хэлбэр. Энэ мэтээр сэтгэл зүйн хувьд гадуурхалтад өртөж байна.

-Санхүүгийн хувьд хэрхэн аргалж байгаа вэ, АНУ өртөг өндөр улс шүү дээ?

-Би өөрөө аялал жуучлалын салбарт 15 жил ажилласан. Зун олсон хэдээ л үрээд дуусгаж байна.

-Тэнд байгаа монголчууд ЭСЯ-аа хандсан уу?

-Энд байгаа монголчууд Элчин сайдын яам, Улсын Онцгой комисс, Гадаад хэргийн яам зэрэг газруудад хоёр хоногийн хугацаанд 288 хүн бүртгэж нэрсийн хамт албан бичиг хүргүүлсэн. Гэвч ямар нэгэн албан ёсны хариулт ирээгүй байгаа. Элчин сайдын хувьд твиттер хуудсаар холбогдож байгаа ч тоймтой хариу ирүүлээгүй.


АНУ-д ажил, аяллаар очсон 300 монгол гацаж, яахаа мэдэхгүй эх орноосоо ТУСЛАМЖ гуйж байна. Тэдний бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, АНУ-д суугаа ЭСЯ-нд

АНУ-д түр зорчиж буй Монголчуудаас хүсэлт гаргах нь:

Та бүхний энэ өдрийн амгаланг эрье! Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө нойр хоолгүй зүтгэж амжилттай сайн ажиллаж байгаа салбар салбарын шилдэг мэргэжилтэн хамт олноороо бид маш их бахархаж байгаа билээ.
АНУ-д сурч, ажиллаж, аялж байгаад Ковид-19 вирусээс үүдэлтэй хөл хорионы улмаас Монгол Улсын маань хил хаагдсан учир буцаж чадахгүй хүнд байдалд ороод байгаа 300 орчим иргэн, үүнд нялх хүүхэдтэй өндөр настай, бие муутай, жирэмсэн гэх мэт эх орондоо яаралтай буцах шаардлагатай иргэд нэгдэж энэхүү хүсэлтийг хүргүүлж байгааг хүлээн авна уу.
Монгол улсын хилийн хорио нийт 3 удаа сунгагдсан мөн цаашид дахин сунгагдах магадлалтай байгаа энэ цаг мөчид өртөг өндөртэй АНУ-д хорионд байгаа иргэд дараах шалтгаануудын улмаас эх орон, төр засагтаа хандаж байна.
Үүнд:

-Эрүүл мэндийн даатгал: Ихэнх хүмүүст байхгүй. Ямар ч эмнэлэг даатгалгүй хүнийг хүлээж авдаггүй. Өвчин тусвал ямар нэгэн аврал байхгүй гэсэн үг.

-Визны хугацаа: Ихэнх хүмүүсийн АНУ-ын хилээр ороход дарагдсан хугацаа дуусаж байна. Энэ тохиолдолд 455ам.доллараар сунгуулахаар байгаа. Хүмүүс эхнээсээ хоол байрны мөнгөгүй болж байгаа тул энэ мөнгийг төлж дийлэхгүй.

-Сэтгэл санаа: Бүх хүмүүс мөнгө санхүүгийн хүнд байдалд байгаа тул арай ядан хоногийг өнгөрөөж, ази гэдгээрээ гадуурхагдан сэтгэл санаагаар унаж, шаналсан байдалтай байна.

Одоогоор өөр ямар ч улс руу явах боломжгүй болсон байх шиг байна.

Мөн Улсын онцгой комиссын хурал зэрэгт АНУ-д түр зорчиж байгаад хорионд орсон иргэдийн талаар огт яригдахгүй байгаад гайхаж байна.
Бид ийм хэцүү нөхцөл байдалд байгаа тул яах аргагүй төр засагтаа хандаж байгааг минь хүлээн авна уу.

Иймд нэрс хавсаргасан иргэдийг тусгай үүргийн онгоц гаргаж БНСУ-ын гэх мэт боломжтой онгоцны буудлаар дамжуулан эх оронд минь яаралтай буцааж өгнө үү.
Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Хүсэлт гаргасан:
АНУ-д түр зорчиж буй монгол иргэд
2020-03-20