АНУ хуучирсан цөмийн цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгахын тулд 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Учир нь нүүрстөрөгчийг саармагжуулахын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэл зайлшгүй шаардлагатай юм.

АНУ-ын Эрчим хүчний яам уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн цахилгаан станц эзэмшигчид болон операторуудад зориулсан санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарласан байна. 

Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн хүндрэлээс болж цөмийн цахилгаан станцаа засварлаж чадахгүй байгаа эзэмшигч, операторууд засгийн газраас татаас авах хүсэлт гаргаж болох гэнэ. 

Эрчим хүчний яамны шалгалтаар зарим бүс нутгуудад агаарын чанар муудсан гол шалтгаан цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой байсан аж. Мөн цахилгаан станцуудын ажлын байр үгүй болсноор орон нутгийн эдийн засаг ч уналтад орсон гэж үзэж байгаа юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-д 10 орчим цөмийн цахилгаан станцыг хугацаанаас нь өмнө хааж, чулуужсан түлшний эрчим хүч үйлдвэрлэл рүү шилжжээ. Учир нь 1970-1990-ээд оны хооронд баригдсан байдаг хуучирсан байгууламжуудыг ажиллуулах зардал улам нэмэгддэг.

Яг ийм шалтгаанаар 2025 он гэхэд дахин долоон цөмийн цахилгаан станц  үйл ажиллагаагаа зогсоохоо саяхан мэдэгджээ. Одоогоор тус улсын 28 мужид 93 атомын цахилгаан станц ажиллаж нийт цахилгаан эрчим хүчний 20 хувийг үйлдвэрлэдэг.

Цөмийн эрчим хүч рүү эргэн шилжих асуудал Европт ч ид хэлэлцэгдэж буй. Европын Холбооны Комисс өнгөрөгч хоёрдугаар сард цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалтыг Ногоон ангилалд оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн бариад байгаа юм. 

Мөн Их Британийн засгийн газар 2050 он гэхэд шинээр долоон цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөгөө өнгөрсөн сард зарлажээ.

Эх сурвалж: Hankyung